ОХУ-д байдал хүндэрч, мөсөн гулгуурын талбайгаа түр эмнэлэг болгожээ

ОХУ-д байдал хүндэрч, мөсөн гулгуурын талбайгаа түр эмнэлэг болгожээ

Өчигдрөөс хойш ОХУ-д коронавирусийн халдварын 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх төв өнөөдөр мэдээлжээ.

ОХУ-ын бүх муж, бүс нутгуудад вирусийн тархалт эрчимжиж, эмнэлгийн хангамж хүрэлцээ хамгийн сайтай гэгддэг нийслэл Москва хотод хүртэл нөхцөл байдал хүндэрчээ. Өнөөдөр л гэхэд Москвад халдварын 6,360 тохиолдол шинээр нэмэгдсэн байна.

Тиймээс Крылатское мөсөн гулгуурын ордныг “Covid-19”-н халдвартай өвчтөнүүдийг эмчлэх түр эмнэлэг болгон хувиргажээ. 400 метрийн тэшүүрийн уралдааны замтай, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулагддаг уг ордон өнөөдөр 1,300 гаруй ортой, 100 гаруй эмч, сувилагчтай эмнэлэг болоод байна.

Одоогоор Монгол Улстай хил залгаа Буриадын Бүгд Найрамдах Улсад хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, бүх худалдааны төв, ресторан баар, үйлчилгээний газруудыг хаасан нь ОХУ-ын бүс нутгуудаас хамгийн хатуу арга хэмжээ авсан тохиолдол болжээ.

Эх сурвалж: ТАСС