АНУ-ын засгийн газар энэ онд багтаан 20 сая иргэнээ вакцинжуулна гэв

АНУ-ын засгийн газар энэ онд багтаан 20 сая иргэнээ вакцинжуулна гэв

Арванхоёрдугаар сард 20 орчим сая хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөснөө АНУ-ын засгийн газрын төлөөлөгч Баасан гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр мэдээлжээ.

Үүнээс хойш сар бүр 25-30 орчим сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг Трампын засаг захиргааны Operation Warp Speed хөтөлбөрийн тэргүүн Монсеф Слауи мэдээлсэн байна. Өнгөрч буй долоо хоногт Pfizer компани өөрийнх нь бүтээж буй вакцины сүүлчийн шатны туршилт 90 гаруй хувийн үр дүнтэй болсныг мэдээлсэн билээ. Тус компани энэ сарын сүүлээр АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа.

Мөн Америкийн өөр нэг эм үйлдвэрлэгч Moderna компани вакциныхаа сүүлчийн шатны туршилтын үр дүнг ойрын өдрүүдэд зарлах гэж байна. Хэрвээ засгийн газар эдгээр вакцинуудад зөвшөөрөл олговол 24 цагийн дотор вакцинжуулж эхлэхэд бэлэн байгааг Operation Warp Speed хөтөлбөрийн удирдлагууд мэдээлжээ.