Өмнөд Солонгост сүүлийн 2 сарын хугацаанд анх удаа коронавирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгост сүүлийн 2 сарын хугацаанд анх удаа коронавирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдлээ

Монголчуудын хамгийн ихээр ажиллаж, амьдардаг БНСУ-д халдварын тохиолдол сүүлийн хэдэн хоногт нэмэгдэж буйг тус улсын Засгийн газраас анхаарууллаа. Тодруулбал сүүлийн 24 цагийн дотор тус улсад халдварын 205 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь есдүгээр сарын 2-нд 267 тохиолдол бүртгэгдсэнээс хойш 200-г давсан анхны тохиолдол юм.  Шинээр бүртгэгдсэн халдваруудын 166 нь орон нутагт, үлдсэн нь Сөүл хотод илэрсэн байна.

БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA)-ын мэдээлснээр халдварын огцом өсөлтийг иргэдийн цугларалт, төрөл бүрийн шашны арга хэмжээ, олон нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.

Иргэдийн анхаарал суларснаас үүдэн халдвар идэвхжиж байгаа тул тус улсад өчигдрөөс эхлэн амны хаалт зүүгээгүй иргэдийг 100 мянган вонноор торгох шинэ журам гарсан. Түүнчлэн халдвар гарсан зарим хотуудад иргэдийн хөл хөдөлгөөнийг багасгах арга хэмжээг шат дараатай авч эхлээд байна.Тус улсад одоогоор коронавирусийн 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 492 хүн нас бараад байна. 

Эх сурвалж: Koreatimes