Дэлхийн хүн амын дунд коронавирусийн халдварын тохиолдолд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа талаар манай ЭМЯ-наас тогтмол анхааруулж байна.
Тухайлбал, халдварын тохиолдол ОХУ-д эрчимтэй нэмэгдэж, улмаар манай улсад бүртгэгдэх тохиолдлуудын ихэнх нь тус улсаас ачаа тээвэрлэж ирсэн жолооч нараас илрэх болсон. Иймд УОК-ын бямба гарагийн хуралдаанаар дотооддоо хөл хорио тогтоохгүй ч, хил дээрх хяналтаа чангаруулахаа мэдэгдсэн.
Тэгвэл манай улстай хиллэдэг ОХУ-ын Улаан-Үд хотод коронавирусийн эсрэг эм, эмнэлгийн хүрэлцээ муугаас өвчтөнүүд гэрээр эмчлүүлж байгаа ажээ. Иймд зарим эх сурвалжууд манай улсын иргэдэд коронавирусийн аюул ойрхон байгаа онцолж, сэрэмжлүүлсээр байна.