Япон улсын Нацүмигийн клиник нь хүмүүсийн хамгаас хайртай чихмэл бамбарууш болон бусад зөөлөн тоглоомуудыг “эмчлэн” анхны хэв загварт нь оруулах чиглэлээр мэргэшжээ. Ингэхдээ тэд нүдний “мэс засал”, үс шилжүүлэн суулгах ажилбараас эхлээд шарх оёх хүртэл эмчилгээ хийдэг байна.
Уг төвийн үүсгэн байгуулагч Нацуми Хакозаки өмнө нь хувцас засварын дэлгүүрт ажилладаг байсан бөгөөд тухайн үед үйлчлүүлэгчид байнга хуучин чихмэлээ засч өгөхийг гуйдаг байжээ. Тиймээс түүнд анх энэ чиглэлээр мэргэшсэн “эмнэлэг” нээх санаа төрсөн байна.
Тус “эмнэлгийн” үйлчлүүлэгчдийн нэг, хонины чихмэлээ засварлуулсан 24 настай Юки Чан бүсгүй өөрийн сэтгэгдлээ хэлжээ.
Тэрээр “Миний хайртай чихмэл бүр мөсөн элэгдсэн тул би хаяахаас өөр сонголтгүй боллоо гэж харамсаж байсан. Гэсэн ч чихмэл тоглоомны эмнэлэг байдгийг сонсоод анхных шигээ биш юм аа гэхэд ядаж хайртай чихмэлээ“эрүүл” болохыг нь харахыг хүсэн энд ирсэн.” хэмээн ярьжээ.
Юки Чаны хонины хувьд эхлээд чихмэлийн хөвөнг нь авч, тусгай савангаар угаасан бөгөөд үүнийгээ рашаан сувилал буюу “спа” гэж нэрлэдэг байна. Уг эмнэлэг нь эмчилгээний үе шат бүрийг анхааралтайгаар гүйцэтгэж, баримтжуулдаг бөгөөд зургийг нь онлайнаар эзэд нь рүү нь илгээдэг аж.
Чихмэлийн эмнэлгийг үүсгэн байгуулагч Хакозаки хүмүүс чихмэл тоглоомондоо яг л амьд мэт хандах нь чухал гэж үздэг ажээ. Тиймдээ ч тэрээр Юки Чаны хонийг үнэхээр ядарсан харагдаж байгаа тул баннд хэвтүүлж амраах хэрэгтэй гэж үзсэн байна.
Ингээд спа-д оруулсны дараа хонийг шинэ хөвөнгөөр дүүргэж, ягаан даавуугаар чимэглээд “шинээр төрсөн мэт” болгожээ. Хакозаки үүнийгээ чихмэлийн "сүнс" -ийг шинэ биед шилжүүлэх арга гэж үздэг гэнэ.
Энэ төв нь одоогоор 10 гаруй эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сард дунджаар 100 ширхэг чихмэл тоглоом засдаг аж. Сонирхолтой нь, үйлчлүүлэгчдийн хувьд Хонгконг, Тайвань, Франц, Их Британиас хүртэл хүмүүс чихмэлээ эмчлүүлэхээр явуулдаг байна. Ингэхдээ тэд 1 жил орчим хүлээх шаардлагатай болдог ажээ.
Нэг чихмэл засварлах ажил нь ойролцоогоор 10 хоног үргэлжилдэг ба дараа нь эмнэлгийн вэб сайт дээр “эдгэрсэн” чихмэлүүдийг нэг дор байрлуулан зургийг нь авч тавьдаг байна.
Дээрх клиник төвөөс гадна Японы Осакад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн клиник байдаг аж. Засвар эмчилгээний үнийн хувьд гэмтэл, бэртлээс шалтгаалан 10,000-500,000 иен (95-4800 ам доллар) хооронд хэлбэлздэг байна.
Эх сурвалж: SCMP