АНУ-ын “SkyWest Airlines” компанийн нисгэгч ахмад Сюзи Гаррет, түүний охин Донна Гаррет нар хэд хоногийн өмнө нэгэн түүхийг бүтээжээ. Тэд АНУ-ын түүхэнд анх удаа онгоцны нислэгийн багт хамт ажиллаж, нислэг үйлдсэн ээж, охин хоёр болсон байна.
Сюзи Гаррет 30 гаруй жилийн турш нисгэгчээр ажиллаж байгаа туршлагатай нэгэн бөгөөд хамгийн сонирхолтой нь түүний нөхөр Даг, болон хүү Марк нар ч бас нисгэгчид аж.
Сюзи Гаррет охинтойгоо нислэг үйлдэхийн өмнө "Би хүүхдүүдийнхээ хэнийг ч нисгэгч болно гэж төсөөлж байгаагүй. Одоо хайрт охинтойгоо хамт ажиллах гэж байгаадаа туйлын баяртай, аз жаргалтай байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Түүнчлэн гэр бүлээрээ нэг салбарт, адилхан мэргэжлээр ажиллах нь бие биенээ ойлгох хамгийн том хүч болдог гэжээ.
Эх сурвалж: Ladbible.