Дани улсын засгийн газар өөрийн нутаг дэвсгэрт оршдог 200 гаруй арьс үсний фермийн 17 сая орчим булгыг бүгдийг нь нядлах шийдвэр гаргаснаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл уг булгануудыг шатааж устгахаар шийдэж 11 дулааны станцтай гэрээ хийжээ. Дани улсад булга устгалын чиглэлийн компани байдаг ч тус улс бүх амьтныг устгах шийдвэр гаргасан тул компанийн хүчин чадал хүрэлцэхээргүй болсон аж. Тиймээс дулааны станцуудаас тусламж авахаар шийдсэн байна.
Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар булганаас хүнд халдсан нь тогтоогдсон тул ийм шийдвэр гаргаснаа тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна. Мөн Дани улсын халдварт өвчин судлалын төвийн дэд захирал Каре Молбак ““Булга үржүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн томоохон эрсдэл болоод байна” гэж мэдэгджээ.
Дани улс нь булганы арьс нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Аравдугаар сард тус улсад нэг сая гаруй булгыг цаазалсан нь бас коронавирусийн халдвартай холбоотой байжээ. Өнгөрсөн зун Испани улсад 100,000 орчим булгыг, дараа нь АНУ-ын Юта мужийн фермүүдэд олон мянган булгыг ижил шалтгаанаар устгаж байв. Одоогийн байдлаар мутацид орсон вирусийн халдвар авсан хүний тоо 12 болжээ.