А.Идэрболд: Пивотой иог гэхээр архидан согтуурахыг уриалж байна гэдэг. Гэвч эсрэгээрээ архидан согтуурч буй залуусыг иог хийхийг уриалж байгаа юм

А.Идэрболд: Пивотой иог гэхээр архидан согтуурахыг уриалж байна гэдэг. Гэвч эсрэгээрээ архидан согтуурч буй залуусыг иог хийхийг уриалж байгаа юм

Агаарын, усны, хүчний, хатха гэх мэт иогийн маш олон төрөл байдаг. Эдгээр төрлөөс орчин үед трэнд болж буй нь “beer yoga” буюу шар айрагтай иог юм. Магадгүй уншигч та пиво уунгаа иог хийнэ гэдгийг сонсоод гайхаж байгаа байх. Гэвч шар айрагтай иог дэлхийн олон оронд өргөн дэлгэрч, иогийн төрлүүдийн эгнээнд бичигдэх болсоор уджээ.

Тэгвэл Монголын анхны гэж хэлж болохоор шар айрагтай иогийг А.Идэрболд хэмээх залуу санаачлан эхлүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард өөрийн “Идок” хэмээх иогийн төвийг нээжээ. Бид “Идок Иога”  төвийг зорьж, багш А.Идэрболдтой шар айрагтай иог хийгээд түүний ашиг тус, онцлогийн талаар ярилцлаа. 

-ЭНГИЙНЭЭР ТАЙЛБАРЛАВАЛ ШАР АЙРГААР ЗАЛУУСЫГ
ИОГРУУ ТАТАЖ БАЙГАА ЮМ-

-Шар айрагтай иог гэхээр уншигчдад их сонирхолтой санагдаж байгаа байх. Яагаад заавал иогийн энэ төрлийг санаачлан, хичээллүүлэх болов?

-Шар айрагтай иог анх миний тархинд боловсорсон зүйл биш. Дэлхийн олон улсад энэ төрлийн иог өргөн дэлгэрсэн байдаг. Харин Монголд тийм ч түгээмэл дэлгэрээгүй, ихэнх хүн анх удаа сонсож байна гэдэг. Миний бодлоор иогийн багш нар зориглоогүй байх. Учир нь иогийг ихэнх хүн гэгээн цагаан зүйл гэж ойлгодог. Харин алкохолны төрлийн зүйлийг  эсрэгээрээ муу муухай гэдэг шүү дээ. Тэгэхээр эсрэг тэсрэг хоёр зүйлийг нэгтгэхээр хүмүүс хүлээж авахгүй гэж бодож, эмээдэг байсан байх. Миний хувьд өнгөрсөн жил Play time-д явах үеэр бийр иог/beer yoga/-ийн  хичээл заах санаа төрсөн юм. “Play time”-д очсон залуусыг “пивотой иог хийж үзэх үү” гэхэд их сонирхож хүлээж авсан. Тэгээд 20 гаруй хүнтэй голын эрэг дээр пивотой иог хийхэд хажуугаар зөрсөн хүмүүс “шар айраг ууж байгаа хэрнээ иог хийгээд байх юм” гэж их гайхаж байсан. Тэр үед л би энэ иогийг одоо биш ч хэзээ нэгэн цагт хийж үзэх хэрэгтэй юм байна гэж дотроо бодсон. Ингэж л анх пивотой иог хийх санаа төрсөн дөө.

-Та сая дэлхийн олон оронд аль хэдийн өргөн дэлгэрсэн гэж хэллээ. Ер нь ямар орнуудад энэ иог дэлгэрсэн байдаг вэ?

-Иог өргөн дэлгэрсэн бүхий л орнуудад энэ иогийн төрөл байдаг. Ялангуяа Америк, Германд маш олон хүн тогтмол пивотой иогоор хичээллэдэг.

-Тэгвэл пивотой иог бусад төрлийн иогоос юугаараа ялгаатай юм бэ. Мэдээж пиво уунгаа хийж байгаа гэдгээрээ ялгарах байх. Харин ач холбогдол, давуу талын хувьд?

-Пивотой иог гэхэд зарим хүнээс “иогийн уламжлалыг эвдэж байна”, “иогийг архи согтууруулах ундааны зүйлтэй холилоо” гэх мэт сөрөг сэтгэгдлүүд ирсэн. Энгийнээр бол би шар айргийг иогт уруу татах арга хэрэгслээ болгож ашиглаж байгаа юм. Залуучууд чөлөөт цагаа өнгөрөөе, найзуудтайгаа уулзъя гээд баар, цэнгээний газрууд руу их очдог. Тэгсэн хэрнээ бас эрүүл мэнддээ анхаарахыг, зөв амьдралын хэв маягтай байхыг хүсдэг. Энэ хоёрын яг алтан дундаж нь шар айрагтай иог юм шүү дээ. Иог мэдээж хүний биеийг эрүүлжүүлэх зорилготой. Харин шар айрагтай хослуулснаар эрүүл мэнд талаасаа ч бас энтертаймент, зугаа цэнгэл талаасаа ч иогийг илүү сонирхолтой болгодог. Нөгөөр талаар аягатай шар айргаа дээш өргөх, урдаа барих гэх мэтээр янз бүрээр хөдөлгөхөд хүндийн жин үүсгэж, штанкны үүргийг орлож байгаа юм. Үүгээрээ нэг байрлал дээрээ гантель өргөж хийдэг “фовер” буюу хүчний иогтой төстэй.

-Уух стандарт хэмжээ гэж байдаг уу?

-Алкохолны төрлийн зүйлд стандарт уух хэмжээ гэж байдаг. Тухайлбал, барууны орнуудад эрүүл мэндийн зорилгоор хоолны дараа эсвэл унтахын өмнө бага хэмжээгээр дарс  хэрэглэдэг. Энэ нь хүний биед хоргүйгээр шингэх стандарт хэмжээ болж байна гэсэн үг. Бид шар айрагтай иог хийхдээ тэрхүү стандарт уух хэмжээг баримтладаг. Хүмүүс “хэр хэмжээтэй уух вэ”, “иогоо хийж дуусахаасаа өмнө шар айргаа уугаад дуусчихвал яах вэ, нэмж ууж болох уу” гэж их асуудаг. Мэдээж их хэмжээгээр уух боломжгүй. Учир нь дасгал хөдөлгөөн хийж, иогийн хүнд байрлал авч байгаа тул дотор муухайрах, огих мэдрэмж төрүүлнэ. Тиймээс бага багаар шингээж, шимж уух хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэлт огт байхгүй. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүн пивотой иог гэхээр, архидан согтуурахыг залууст уриалж байна гэдэг. Би харин ч архидан согтуурч буй залуусыг иог руу уруу татаж байгаа хүн.

-ШАР АЙРАГТАЙ ИОГ ХҮНИЙ БҮХ МЭДРЭХҮЙГ АЖИЛЛУУЛДАГ-

-Уншигчдад илүү тодорхой болгох үүднээс шар айрагтай иогийг яг ямар дарааллаар, юунаас эхэлж хийх талаар тайлбарлаж өгөөч.

- Хамгийн түрүүнд пивотойгоо “танилцаж” эхэлнэ дээ. Эхлээд аягатай пивоо сайн ажиглаж харна. Дараа нь хүрч үзнэ. Градус, температур, дулаан, хүйтнийг нь мэдэрнэ. Үүний дараа үнэрлэж үзнэ. Юу, юу үнэртэж байгаа, ямар мэдрэмж төрүүлж байгаа зэргийг дотроо сайн ажиглана. Дараа нь чихээ дараад хөөсний хагарах чимээг сонсоно. Хамгийн сүүлд амсаж үзнэ. Өөрөөр хэлбэл бүх мэдрэхгүйгээ ажиллуулна гэсэн үг.  Энэ явцдаа мэдээж иогийн дасгалуудаа хийнэ. Ямар амттай, ямар градустай, ямар температуртай, ямар үнэртэйг нь мэдэрч, бүр уусан нэгдсэнийхээ дараа иогоо эхлүүлж байгаа юм. Ингэж уухаар балга бүр нь мэдрэгдэж, хүний бие рүү үнэ цэнэтэй ордог.  Бид энгийн үед шар айргийг хэмжээнд нь болж эсвэл согтох зорилготой уудаг бол иогт таашааж, мэдэрч, уудаг. Шар айргийг иогийн дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар рашаан болж байна гэж хэлж ч болно.

-Иогийн бүхий л төрөл тодорхой хэмжээгээр хүний биед ачаалал өгдөг. Тэгвэл шар айрагтай иогоор хичээллэхэд хүний биед ирэх ачаалал энгийн иогоор хичээллэх үеийн ачаалал ялгаатай байх уу. Арай хөнгөн байх уу.

-Бид иогийг ихэвчлэн чимээгүй, гүн төвлөрөлтэй үедээ хийдэг бол пивотой иогийг арай чөлөөтэй байдлаар хийдэг. Хүмүүс иог хийхдээ чадаж байна, чадахгүй байна гэсэн бодолдоо хөтлөгдөж биеэ бариад байдаг тал ажиглагддаг. Харин пиво уунгаа иог хийснээр чөлөөтэй болж, биеэ барихаа больдог. Маш сайн мэдэрч уувал хоёр, гурван балгын дараагаас бие дээрээ ирж буй шаталтуудыг мэдэрч, дасгалууд нь ч илүү амархан, зугаатай болдог.

-Шар айрагны градус буюу алкохолны хэмжээг цаанаас нь зааж өгсөн байдаг шүү дээ. Тэгвэл пивотой иогт хэдэн градустайг нь хэрэглэх вэ?

-Ер нь дундаж шар айрагны градус 5-6-ийн хооронд, харин онцгой, хатуу төрөл нь 12 градус байдаг. Мэдээж хатуу төрлийг нь сонгохгүй. Дундаж градустай, 0,33-ийн хэмжээтэй шар айргийг уухад нас биед хүрсэн хүний биед ямар ч хоргүйгээр шингэдэг. Шар айраг өөрөө тааруулж хэрэглэвэл ашиг тустай бүтээгдэхүүн. Тиймээс зохих хэмжээгээр хэрэглэж, зөв зүйлтэй хослуулснаар хоорондоо харшлах биш харин ч илүү зохицно.

-Энгийн иог дээр баримтлах дүрэм журам гэж байдаг байх. Тэгвэл шар айрагтай иогт баримтлах дүрэм гэж бий юү?

-Иог дээр баримтлагддаг бүхий л зүйлийг энд баримтална. Гартаа пивотой, завсраар нь бага багаар ууж байгаа болохоос энгийн иогоос тэс ондоо зүйл биш. Харин ирэхдээ тээврийн хэрэгсэлгүй ирэхийг хүмүүст анхааруулдаг.

-ЗАЛУУСЫГ НАЙЗУУДТАЙГАА УУЛЗАХДАА БААРАНД БИШ ИОГ ДЭЭР
УУЛЗЪЯ ГЭЖ ХЭЛДЭГ БОЛГОХЫГ ХҮСДЭГ-

-Та сая анх удаагаа шар айрагтай иогийн хичээл явуулсан шүү дээ.  Эрэгтэй хүмүүс их ирж байна уу, эсвэл эсрэгээрээ юү.

- Пивотой иог гэхээр эрчүүдийг их ирэх юм байна гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ маш олон бүсгүйчүүд ирсэн. Иог гэхээр эмэгтэй хүний хичээллэдэг зүйл гэж зарим хүн боддог. Иогт хүйс огт хамааралгүй гэдгийг хэлмээр байна.

-Ирсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байсан бэ. Төсөөлж байснаас нь өөр байсан болов уу?

-Хүмүүс их хэмжээгээр шар айраг уух юм байна гэсэн бодолтой ирснээ хэлж байсан. Дүрэм журмын дагуу хичээллэхэд бүх хүнд таалагдаж, эерэг сэтгэгдэлтэй байгаагаа хэлсэн.  Анх шар айрагтай иогийн хичээл явуулах талаар зарлахдаа хүмүүсээс сөрөг сэтгэгдлүүд ирнэ гэж таамаглаж байсан л даа. Таамаглаж байснаар ч болсон. Гэхдээ би үүнийг тоохгүй. Яагаад гэвэл миний зорьж байгаа зүйл өөрөө зөв зүйл. Хүмүүсийг би олон төрлийн арга замаар иог руу уруу татах л зорилготой. Уруу татах биш өөд нь татаж байгаа гэж хэлэх нь зүйтэй юм байна. Хүмүүс иогийг дандаа намуухан, чимээгүй орчинд хийх ёстой гэж ойлгодог. Гэтэл би сая болсон  “Halloween”-ний баяраар рок хөгжмийн аянд, бүдэг гэрэлтэй орчинд иогийн хичээл орсон.

-Чанга рок хөгжмийн аянд иог хийнэ гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Иогийг намуухан, чимээгүй орчинд хийж байж үр дүн гарахгүй гэж үү.

-Рок хөгжим сонсдоггүй хүнд ая нь чихэнд чийртэй, хэтэрхий чанга мэт санагдах байх. Харин амьд хөгжим сонсдог хүмүүст эсрэгээрээ амар тайван байдал, сайхан мэдрэмжийг өгч чаддаг. Энэ төрлийн иогийг Европт “black yoga” буюу “хар иог” гэж нэрлэдэг. Металл, хүнд хөгжмийн аянд иог хийж, бясалгадаг гэсэн үг. Үүнээс гадна иогийн үнэрээр, цайгаар, дуугаар бясалгаж хийдэг олон төрөл бий. Иогт ямар аргаар гэдэг нь хамаагүй хүнийг дотогш нь чиглүүлж, мэдрэмжийг нь тодосгож, өөрийг нь таниулах нь чухал.

-Та иогаар хэдэн жил хичээллэж байна вэ. Ер нь иог хийснээр танд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Манайх гэр бүлээрээ бясалгал хийдэг. Би 17 гаруй жил бясалгал хийсэн. Иог, бясалгал хоёр уялдаа холбоотой санагдсан тул анх сонирхож эхэлсэн юм. Эхэлсэн даруйдаа иогт “дурласан”. Би иогоор хичээллэхийн өмнө нэлээд сахилгагүй, дарвиун залуу байсан. Харин иогаар хичээллэснээр жинхэнэ “би”-гээ олсон. Бас өөрийнхөө “би”-г дарах биш, хүлээн зөвшөөрч зөвөөр чиглүүлэх ёстойг ойлгож авсан. Хүн эхлээд өөрийгөө байгаагаар нь хүлээн авбал цаашид байгаагаа яаж ч өөрчилж болно.  Хэрэв өөрийнхөө сөрөг талуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал өөрийгөө хэзээ ч өөрчилж чадахгүй. Иог надад өөрийнхөө бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрч, зөв зүйлд чиглүүлэх ухаан өгсөн. Хүмүүс иогоор хичээллэхийн тулд байнга цагаан хоол идэж, өглөө эрт босож, гэгээрсэн мэт байна гэж бодож иогийг өөрөөсөө холтгоод байдаг. Тэдгээр хүмүүст миний хэлэх дуртай үг бол “Do yoga” буюу “Иог хий”. Сэтгэл санаа тогтворгүй болоод ирвэл иог хий, бие өвдөөд ирвэл иог хий, эрч хүч дутаад байвал иог хий, таргалаад байвал иог хий, нойргүйдэлд орсон бол иог хий гэж хэлдэг. Хүний сэтгэл санаа, харилцаа, бие махбод зэрэг бүхий л төрлийн асуудлыг иогоор шийдэх боломжтой.  Харин шар айрагтай иогны хувьд цаашдаа эвент хэлбэрээр амралтын өдрүүдэд зохион байгуулна гэж бодож байгаа. Залуусыг найз нөхөддтэйгээ бааранд биш, иог дээр уулзъя гэж хэлдэг болгохыг хүсэж байна.