Даваа гарагт /2020.11.02/ АНУ-ын Авилагийн далайн эрэг дээр серфинг хийж байсан халим ажиглагч хоёр эмэгтэй өөрсдийнх нь ойролцоох усан доор халим байгааг мэдээд сониуч зандаа хөтлөгдөн халимыг ойроос харахаар дөхөж очжээ. Гэтэл санаанд оромгүй явдал болж, халим гэнэт уснаас гарч ирэн, тэднийг тавцантай нь хөмрүүлж, залгих дөхжээ.
Тухайн үед тэдний ойролцоо завиар аялаж байсан хүн бичлэг хийж таарсан бөгөөд уг бичлэгээс үзвэл хоёр эмэгтэйг халим яг л залгичихсан мэт харагдаж байна. Гэсэн ч азаар тэд тавцантайгаа хөмөрч ус руу унаад, эсэн мэнд гарчээ. Энэ талаар амиа алдах шахсан хоёр эмэгтэйн нэг Максорли ярилцлага өгөхдөө:
“Миний санаж байгаа зүйл гэвэл би эхлээд маш том бөгтөр халим уснаас гарч ирж байгааг харсан. Тэр надтай дэндүү ойр байсан, яг нүүрэн дээр минь тулаад гараад ирсэн. Би “Өө үгүй ээ, би ингээд л өнгөрлөө” гэж бодсон. Гэсэн ч хачирхалтай нь би өөртөө халимыг түлхэх хэрэгтэй, би халимыг зайлуулж чадна гэж хэлсэн. Тэгээд л бүх зүйл дэндүү хурдан болж өнгөрсөн. Миний дараагийн санаж байгаа зүйл бол би усан дотор байсан” хэмээн ярьжээ.
Гэрчийн бичлэгээс харвал тэд халимны ам руу орчихсон мэт харагдавч, ус руу унаж, бэртэл гэмтэлгүй эсэн мэнд гарч чадсан байна. Хоёр эмэгтэйн аминд хүрэх шахсан бөгтөр халим нь ихэвчлэн крилл ба жижиг загасаар хооллодог бөгөөд ажиглагчдын дунд усны мандал дээр хамгийн их гарч ирдэг халим гэдгээрээ алдартай аж.
Эх сурвалж: CNN