АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойргуудын санал авах байрууд хаагдаж, түрүүч нь дүнгээ танилцуулж эхэлжээ.
Хамгийн түрүүнд Индиана муж саналын хуудсаа тоолж дуусгаад урьдчилсан дүнгээ зарласан байна. Бүгд Найрамдах намын нэр дэвшигч ялдаг уламжлалтай энэ мужид одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялж, тус мужийн сонгуулийн төлөөлөгчдийн 11 саналыг авсан тухай CNN агентлаг мэдээллээ. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд 50 мужийн 538 сонгуулийн төлөөлөгчийн саналаас хамгийн цөөндөө 270-ыг цуглуулах шаардлагатай. Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуулиар Индиана мужид бас ялж байжээ.
Одоогийн байдлаар Жоржиа, Индиана, Кентаки, Өмнөд Каролина, Вермонт, Виржиниа зэрэг зүүн бүсийн мужуудад санал хураалт өндөрлөж, санал авах байрууд хаагдаад байна. Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден Делавар, Массачусетс, Мэриланд мужууд болон нийслэл Вашингтонд ялалт байгуулж нийт 30 төлөөлөгчийн санал аваад байна. Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп эхлээд Индиана мужид ялсан бол дараа нь Оклахома, Кентаки мужуудад ялж нийт 26 төлөөлөгчийн санал авчээ.
АНУ-ын зүүн хойд Вермонт мужид Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялж, тус мужийн сонгуулийн төлөөлөгчдийн 3 саналыг авлаа. Тус мужид 2016 оны сонгуулиар Дональд Трамп ялж, Хиллари Клинтон ялагдаж байжээ.
Эх сурвалж: CNN