Д.Трамп, Ж.Байден нарын бие биенээ “харлуулах” тактик нь тэдний хүүхдүүд байв

Д.Трамп, Ж.Байден нарын бие биенээ “харлуулах” тактик нь тэдний хүүхдүүд байв

Яг одоо АНУ даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж, зарим томоохон мужуудад санал хураалт аль хэдийн хаагдаад байна. Сонгуулийн санал хураалт эхлэхээс 12 цагийн өмнө улсын хэмжээнд явуулсан санал асуулгаар Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден 7.7 хувийн рейтингээр Цагаан ордны өнөөгийн тэргүүн Доналд Трампыг илүүрхсэн юм. Тухайлбал, улс төрийн судалгааны ашгийн бус “270toWin” веб сайтын санал асуулгад оролцогчдын 51.1 хувь нь Жой Байдены төлөө саналаа өгнө гэсэн бол 43.1 хувь нь Доналд Трампын төлөө саналаа өгнө, үлдсэн 5.8 хувь нь одоогоор хэнд саналаа өгөхөө хараахан шийдээгүй гэж хариулжээ.

Ямартай ч Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын хэн нь Ерөнхийлөгч болох нь өнөөдөр шийдэгдэх юм. Хоёр хүчтэй улс төрчийн сонгуулийн ПР их сонирхолтой, өрсөлдөөнтэй байсныг улс төрчид онцолж байна. Учир нь тэд хэд хэдэн удаагийн мэтгэлцээнээс гадна хэн хэнийхээ гэр бүлийг “харлуулах” байдлаар ПР-аа хийсэн юм.  

-ДОНАЛЬД ТРАМП МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮЕЭР ЖО БАЙДЕНЫ ХҮҮГ ХАР ТАМХИНД ДОНТОГЧООР НЬ ДУУДАВ-

Ерөнхийдөө тэд хэн хэнийхээ хүү рүү “довтолсон” гэж хэлж болно. Өнгөрсөн сард болж өнгөрсөн халз мэтгэлцээний үеэр Ерөнхийлөгч Д.Трамп Жо.Байдены том хүүг хар тамхинд донтсоны улмаас цэргийн албанаасаа хөөгдсөн гэсэн юм. Жо.Байдены том хүү хар тамхинд донтогч гэсэн яриа хэдэн жилийн өмнөөс Америк даяар тархаж, шар сэтгүүлүүдийн гол сэдэв болсоор удсан. Үүнийг өдгөө 54 настай Хантер Байден өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Дональд Трампын энэ гэнэтийн “дайралтад” Жо.Байден ч мөчөөгөө өгөөгүй юм. Тэрээр “Миний хүү, олон хүмүүсийн нэгэн адил, мөн танай гэр бүлийн нэгэн хүнтэй адил хар тамхинд донтогч байсан нь үнэн. Гэхдээ тэр өөрийгөө ялж, хар тамхинаас гарч чадсан. Би хүүгээрээ бахархаж байна” гэсэн юм. Түүний хариулт “бөмбөг тавьж” орхисон гэж хэлж болно. Учир нь “бусад хүний адил, мөн танай гэр бүлийн нэгэн хүний адил хар тамхинд донтогч байсан нь үнэн” гэж хариулсан нь Д.Трампын хөвгүүдийн нэг  нь  хар тамхинд донтогч байсан гэсэн нийтлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Трампын өрсөлдөгчөө харлуулах том зэвсэг нь Жо.Байдены хүү Хантер Байдены өнгөрсөн түүх, хар тамхины хэрэг байж, Трампын талд ажилладаг бүхий л хэвлэлүүд үүнийг бичиж байлаа.

-ЖО.БАЙДЕНЫ ХАРИУ ТАКТИК “ДОНАЛЬД ТРАМПЫН ХҮҮ ТӨСВИЙН МӨНГӨӨР АН ХИЙЖ ЯВНА-

Тэгвэл Жо.Байдены өрсөлдөгчөө “харлуулах” тактик нь  ч зарим талаараа Д.Трампынхтай адил байлаа. Тодруулбал, Дональд Трампын хүү Жон Трампын өнгөрсөн жилийн наймдугаар сард Монголд ирж ан хийсэн явдал байсан юм. Жо.Байдены санхүүжүүлдэг хэвлэлүүд энэ тухай “Ноён Ерөнхийлөгчийн хүү Монголын маш ховор төрлийн аргалийг зөвшөөрөлгүй агнасан. Зөвшөөрөлгүй агнасан нь илэрч шүүмжлэлд өртсөний дараа Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгаас зөвшөөрөл авсан гэж худал хэлсэн” гэж бичиж байв. Өдгөө 43 настай бизнесмен Жон Трамп 2019 оны зун Монголд ирж, аргаль агнасан зургаа цахим сүлжээнд нийтэлсэн юм. Түүний зураг тухайн үед байгаль хамгаалагчид болон иргэдийн бухимдлыг төрүүлж түүнийг “амьтны алуурчин”, “харгислагч”, “Ерөнхийлөгчийн хүү өндөр үнэтэй ан хийж болдог хэрэг үү” гэх мэтээр бичиж байсан ч удалгүй “мартагдаж” орхисон юм. Гэсэн ч сонгуулийн өдрүүдэд түүний харлуулах “толбо” болно гэдгийг тэд таамаглаагүй байсан биз.

 Эх сурвалж: CNBC