Өнгөрсөн ням гарагт/2020.11.01/ Зүүн Африкийн Этиопт зэвсэгт бүлэглэл халдлага үйлдэж 32 хүний амийг хөнөөн, 20 гаруй байшинг шатаажээ. Аллагыг Оромия мужийн Баруун Воллега бүс дэх “OLF Шейн” гэх зэвсэгт бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсон байна. Нас барсан иргэдийг өчигдөр оршуулсан бөгөөд байшин нь шатсан ойролцоогоор 700 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж.
"OLF Шейн" бүлэглэл нь олон жилийн турш цөллөгт байсан боловч Ерөнхий сайд Абий Ахмед 2018 онд албан тушаалаа авсны дараа тус бүлэглэлийг Этиоп руу буцаж ирэхийг зөвшөөрсөн юм. Тус бүлэглэл Этиопын хамгийн том угсаатны бүлэг болох Оромосын эрхийн төлөө тэмцдэг. Этиопын Хүний эрхийн төрийн комиссоос уг халдлага угсаатны Амхар бүлгийн хүмүүс рүү чиглэсэн гэж үзсэн байна. Учир нь Амхар бүлгийн хэд хэдэн хүнийг гэрээс нь хөөж гарган шашны сургууль дээр аваачиж, хөнөөжээ.
Сүүлийн тус улсад гарч буй халдлагын тоо өсөж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Сомали, Афар мужийн хооронд хилийн маргаанаас үүдэлтэй бослого гарч 27 хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: CNN