Дуучин Укагийн анхны бие даасан тоглолт энэ сарын 20-нд болно

Дуучин Укагийн анхны бие даасан тоглолт энэ сарын 20-нд болно

Шинэлэг хэв маяг, өвөрмөц өнгө төрх, үргэлж шинийг эрэлхийлдэг дайчин чанараараа олны хайр хүндлэлийг хүлээсэн Киви хамтлагийн ахлагч, Voice of Mongolia шоуны шүүгч, дуучин Ука анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 20-ны өдөр Буян-Ухаа спортын ордонд болох аж.

Дуучин Ука тоглолтынхоо талаар "Миний хувьд бие даасан анхны том шоу тоглолт минь "DO IT" нэртэйгээр Буянт ухаа спортын ордонд ирэх сарын 20 нд 18:00 цагт товлогдон зарлаж байна. Тоглолтоо илүү олон хүнд үзүүлэхийг маш их хүсч байна...

Учир нь эрт орой хэзээ нэг өдөр хамгийн том тоглолтоо миний охин хийгээд аав нь томоос том цэцэг аваад тайзан дээр охиндоо өгөөд л .. гэж ярьсан хүслийг нь биелүүлж амьжаагүйд өдөр өнгөрөх тусам харамсана... Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид, тайз засал, төгс найруулга гээд байж мэдэх хүндэлдэг, уран бүтээлч сэтгэлгээтэй залуустайгаа нэгдэн тэр оройг хамт дуулж, бүжиглэн сайхан дурсамжийг бүтээхийг урьж байна" хэмээн бичжээ.

Дуучин Укагийн хамгийн том дэмжигч, хамгаас их урам зориг өгдөг байсан аав нь энэ онд бурхны орныг зорьсон билээ. Тэрбээр аавынхаа дурсгалд зориулан "Аавд" нэртэй уран бүтээл гаргаж байсан бол анхны том хэмжээний бие даасан тоглолтоо мөн л аавдаа зориулан хийхээр болсон байна.