Г.Тогтохсүрэн: Ажил хийж, цуглуулсан мөнгөөрөө хүүд унадаг дугуй авч өгсөн юм

 Г.Тогтохсүрэн: Ажил хийж, цуглуулсан мөнгөөрөө хүүд унадаг дугуй авч өгсөн юм

Хэдхэн хоногийн өмнө бага насны Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааны тэмцээнд үзүүрлэн, унадаг дугуй авч чадсангүй гэж уйлж буй хүүгийн зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн билээ. Хүүгийн уйлж буй зураг нийтлэгдсэнээс хэдхэн цагийн дараа нэгэн нэгэн бөх сонирхогч түүнд унадаг дугуй авч өгсөн талаарх мэдээ мөн л цахим орчинд түгж, олон хүний талархлыг хүртсэн юм. Хүүгийн нэрийг Ч.Баярбаатар гэдэг бөгөөд Увс аймгийн  Цагаанхайрхан сумаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн долоон настай залуу бөх. Харин түүний хүслийг биелүүлсэн бөх сонирхогчийг Ч.Тогтохсүрэн гэдэг бөгөөд одоо 18 настай оюутан аж. Бид түүнтэй уулзаж, болсон явдлын талаар ярилцлаа.

-ХҮМҮҮС МИНИЙ НЭРИЙГ СОНСООД ЭРЭГТЭЙ ГЭЖ
АНДУУРАХ ТОХИОЛДОЛ ИХ ГАРЧ БАЙСАН-

-Сайн байна уу. Цахим сүлжээнд олон хүн таныг эрэгтэй хүн гэж бодож, эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн, сайн байна уу. Намайг Ганзоригийн Тогтохсүрэн гэдэг. Би 18 настай, хувцас, загварын чиглэлээр сурдаг. Энэ жил төгсөнө. Анх хүүгийн багш нь өөрийн цахим хуудсан дээр “Дугуй авч өгсөн бөх сонирхогч Тогтох дүүдээ баярлалаа” гэж өөрийнхөө Ч.Баярбаатартай хамт даруулсан зургаа нийтэлсэн байсан юм. Тэгээд л хүүгийн багшийг ихэнх хүн дугуй авч өгсөн хүн гэж бодсон байх. Бас миний нэрийг хүмүүс сонсоод эрэгтэй хүн андуурах тохиолдол их гарч байсан/инээв/.

-Бөх сонирхдог юм уу.

-Тийм ээ. Аав маань бөх үзэх их дуртай. Би ч аавыгаа дуурайгаад багаасаа л бөхөд хорхойтой хүүхэд байсан юм. Зурагтаар гардаг бөхийн барилдааныг алгасалгүй үздэг. “Эмэгтэй хүүхэд байж яагаад бөхөд тэгтлээ их дуртай байдаг юм” гээд л найзууд маань гайхаад байдаг юм. Манай удамд гурван том бөх байсан гэсэн. Удмаа дуурайгаад л бөхөд их дуртай бол байх. Эрэгтэй байсан бол аль хэдийн бөх болчихсон, барилдаад явж байгаа байх/инээв/.

-Хүүгийн талаар хэзээ мэдсэн бэ. Яагаад унадаг дугуй авч өгөхөө шийдсэн юм.

-Хичээлээсээ ирчхээд фейсбүүк орж байтал “Та бөхтэй танилц” гээд групт хүүгийн уйлж буй зураг нийтлэгдсэн байсан. Үнэхээр хөөрхөн, өхөөрдмөөр харагдсан болохоор  шууд л зураг доор нь “Би авч өгмөөр байна. Хүүтэй яаж холбогдох вэ” гэж сэтгэгдэл бичсэн юм. Дараа нь хүүгийн багшийнх нь фейсбүүкийн хаягийг хайж, Увс аймгийн таньдаг хүмүүсээс хүртэл хүүг сурагласан. Тэгж байтал “Та бөхтэй танилц” группын админ нь өөрөө над руу зурвас бичиж багштай нь холбож өгсөн. Би шууд л багш руу нь залгаад “Хөөрхөн дүүд унадаг дугуйг нь авч өгмөөр байна”гэж хэлсэн. Багш нь үнэхээр их баярласан. Тэгээд унадаг дугуйны мөнгийг багш руу нь шилжүүлсэн юм. Би хичээлийнхээ хажуугаар ажил хийж, мөнгөө хуримтлуулдаг. Өөрөө уулзаж байгаад Ч.Баярбаатарт дугуйг нь өгмөөр байсан ч маргааш нь хичээлтэй байсан болохоор мөнгийг нь шилжүүлсэн. Дараа өдөр уулзана гэж бодож байсан ч хүүгийн гэрт нь яаралтай ажил гарсан гээд багш, бусад хүүхдүүдээсээ түрүүлээд харьчихсан байсан. Дахиад ирэхээр нь уулзана гэж бодож байгаа.

-ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГҮҮД ГАРЧ БУЙ ЭНЭ НИЙГЭМД
НЭГ Ч ГЭСЭН ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХЫГ ХҮССЭН. Ц
ААШДАА Ч БАЯРЛУУЛАХ БОЛНО-

-Бараг бүх хүн таныг эрэгтэй хүн гээд бодчихсон байсан. Олон хүн эрэгтэй гэж хэлэхэд ямар санагдаж байв?

-Сэтгэгдэл дээр нь маш олон хүн “жинхэнэ монгол эр хүн”, “жудагтай мундаг залуу юм аа” гэх мэтээр бичсэн байсан. Эхэндээ жаахан эвгүй санагдаж байсан ч одоо бол хөгжилтэй санагдаж байгаа. Нэг хүн над руу “чам шиг сайн эрчүүд олон болоосой” гэж хүртэл чат бичсэн. Гэхдээ хүүд унадаг дугуй авч өгсөн нь олны анхаарлыг татаж, талархал хүртэх гэсэн дээ биш ээ. Сүүлийн үед хүүхэд хүчирхийллийн хэргүүд их гарах болсон шүү дээ. Томчуудын маргаан, тэдний буруу амьдралын хэвшил, хорт зуршлын золиос нь хүүхэд болж байгаад би үнэхээр их эмзэглэдэг. Хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Гэтэл яагаад энэ нийгмийн золиос нь юу ч мэдэхгүй бяцхан дүү нар маань байх ёстой гэж. Тийм болохоор ядаж нэг ч гэсэн хүүхэд аз жаргалтай байгаасай, нэг ч гэсэн хүүхэд баярлаасай гэсэндээ хөөрхөн дүүдээ унадаг дугуй авч өгсөн юм.

-Аав, ээж гэрийнхэн тань сонсоод яаж хүлээж авсан бэ? 

-Одоогоор аав ээж маань мэдээгүй байгаа. Танай нийтлэлийг хараад л мэдэх байх гэж бодож байна. Аав, ээж энэ тухай сонсоод их баярлах байх аа. Аав маань тэр зургийг харсан бол бас л Ч.Баярбаатарт унадаг дугуйг нь авч өгөх байсан байх. Энэ завшааныг ашиглаад охиноо өдий зэрэгтэй өсгөж хүн болгосон аав, ээждээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Аав ээжийнхээ ачаар л бий хайраар дутахгүй өсөж, хүмүүжсэн. Та хоёртоо хайртай шүү.

-Дугуйгаа авсны дараа Ч.Баярбаатар хүү тантай холбогдсон уу.

-Тэгсэн. Дугуйгаа  аваад маш их баярласан. Надтай утсаар яриад “Баярлалаа, эгч ээ”л гээд байсан. Тэгээд цаашаа гүйгээд, инээгээд л байсан. Инээж байгааг нь сонсоод надад өөрөө бэлэг авсан юм шиг л сайхан санагдсан шүү. Би том болоод хүүхдүүдийн төлөө үүнээс их сайн зүйлсийг хийдэг хүн болно гэж боддог. Ч.Баярбаатар дүү маань тэмцээндээ их холоос ирж оролцсон байсан. Замынх нь зардлыг аав, ээж нь төлдөг гэсэн. Тийм болохоор цаашдаа дүүгээ бүхий л зүйл дээр дэмжинэ гэж бодож байгаа. Би залуу хүн болохоор хүсвэл юуг ч хийж,бүтээж чадна шүү дээ.

Биднийг ийнхүү ярилцаж байхад бяцхан хүүгийн багш С.Банзрагч Г.Тогтохсүрэнд баярласнаа илэрхийлэхээр шавь нартайгаа ирсэн юм. Тэрээр “Ч.Баярбаатар Алдартангуудын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах хүүхдийн барилдаанд оролцож, мөнгөн медаль авсан. Барилдаанд нийт 550 гаруй хүүхэд оролцсон юм. Нэг насны ангилалд 100 гаруй хүүхэд барилдсан. Анх бөхийн өргөөнд ирээд ялагчид өгөх шагналыг хараад “Багш аа би аварга болоод энэ унадаг дугуйг заавал авна даа” гэж өдөржин ярьсан. Барилдаан дуусахад мөнгөн медаль авчхаад хувцсаа өмсөхгүй их уйлсан. Тэгээд бид аав, ээжтэй нь ярьж маргааш нь унадаг дугуй авч өгье гэж байтал энэ дүү маань холбогдож шавьд маань унадаг дугуй авч өгөхөө хэлсэн. Баярбаатар дугуйгаа аваад маш их баярласан. Бөхийн өргөөний гадна зөндөө унаж байгаад харьсан. Г.Тогтохсүрэн дүү маань өөрөө хүүхэд хэрнээ хүүхдийн төлөө сайн үйл хийж, бяцхан мөрөөдлийг нь биелүүлсэнд маш их баярлаж байна” гэсэн юм.