Жэймс Бондын дүрийг анх удаа дэлгэцэнд бүтээж байсан Шотландын жүжигчин Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгссөнийг өчигдөр орой гэр бүлийнхэн нь мэдээлжээ.
Сүүлийн үед бие нь сайнгүй байсан нэрт жүжигчин Багамын аралд байдаг гэртээ унтаж байгаад амьсгал хураасныг түүний хүү мэдэгдсэн байна.
Коннерийн уран бүтээлийн замнал 50 орчим жил үргэлжилж, 1988 онд “The Untouchables” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байв. Тэрбээр 1962 онд “Dr. No” кинонд анхны Жэймс Бондын дүрийг бүтээснээсээ хойш нийт зургаан кинонд 007 дугаартай алдарт тагнуулчийн дүрд тогложээ. Үзэгчид, шүүмжлэгчид түүнийг бүх цаг үеийн Жэймс Бондуудаас хамгийн шилдэг нь гэж үздэг байв. 2000 онд Британийн хатан хаан Коннерид хүлэг баатрын хэргэм хүртээж байжээ.