ВИДЕО: Хог авчирсан шаазгайд хоол өгч урамшуулдаг төхөөрөмж бүтээжээ

ВИДЕО: Хог авчирсан шаазгайд хоол өгч урамшуулдаг төхөөрөмж бүтээжээ

Америкийн зохион бүтээгч Ханс Форсберг хог авчирсан шаазгай шувуунд урамшуулал болгон хоол өгдөг төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмж нь маш энгийн ажиллагаатай бөгөөд шаазгай металл хог, тэр дундаа ундааны төмөр бөглөө авчирч нүх рүү хийх үед, дээр байрлуулсан цоргоор дамжин хоол автоматаар унах зарчмаар ажилладаг аж.

Ханс нэгэн өдөр байшингийнх нь гаднах дэнлүүний нарийн түгжээг шаазгай шувуу хошуугаараа төвөггүй тайлж байгааг анзаарч, ийм төхөөрөмж бүтээх санаа төрсөн байна. Тэрээр шаазгай шувууны эд хогшилд дуртай, ахуйч занг нь давуу тал болгохоор шийджээ. Улмаар хэдэн жилийн өмнөөс тэндэхийн шаазгайнуудаар лонхны бөглөө авчруулан, оронд нь ийнхүү урамшуулж сургасан байна.

Ялангуяа залуу шаазгайнууд орчноо цэвэр байлгахад туслан бөглөө авчрах нь түгээмэл байдаг аж. Эхэндээ тэднийг сургахад багагүй хүндрэлтэй байсан ба шаазгайнаас ямар нэгэн үйлдэл шаардахгүйгээр цоргоноос хоол өгдөг байв. Яваандаа тэд хог хийвэл хоол гарч ирдэгийг мэддэг болжээ. Ханс цаашдаа шаазгай шувуугаар тамхины иш түүлгэхээр зорьж байгаа аж.

Эх сурвалж: Hackster