Хошигнол, элэглэлийн Шарли Эбдо сэтгүүлд исламын шашны зөнч Мухаммедыг нүцгэн дүрсэлсэн шог зураг нийтлэгдсэнтэй холбоотой зөрчил маргаан сүүлийн өдрүүдэд Франц, Турк улсуудын хооронд үргэлжилж байгаа. Хоёр орны ерөнхийлөгч нарын хооронд хүртэл хэрүүл маргаан дэгдсэн юм.
Тэгвэл саяхан Шарли Эбдо сэтгүүлийн сүүлийн дугаарт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганыг шоглож харуулсан зураг нийтлэгджээ. Зураг дээр хагас нүцгэн Эрдоган шашны битүү хувцас өмссөн үйлчлэгчийн хормойг сөхөөд “Нөгөө зөнч чинь энд байна” гэж хэлж байгаагаар харуулсан байна. Зургийн тайлбарт “Эрдоган амьдрал дээрээ маш их хөгжилтэй хүн” гэж бичжээ.
Харин өчигдөр Туркийн ерөнхийлөгчийн албанаас эсэргүүцлийн мэдэгдэл гаргаж, “Шарли Эбдо” сэтгүүлийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.
Хэд хоногийн өмнө Эрдоган Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг сэтгэцийн асуудалтай тул эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн юм. Саяхан Парист террорист аллага гарсантай холбогдуулан исламын шашныг бүхэлд нь хавчин гадуурхаж байна гэж тэр Макроныг шүүмжлэхдээ ингэж хэлсэн байна. Дараа нь Эрдоган нутаг нэгтнүүддээ Францын бараа бүтээгдэхүүнд бойкот хийх уриалга гаргасан юм. Хариуд нь Франц улс Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Европын Холбоонд уриалж байв.
Эх сурвалж: ТАСС