Нэгхэн хоногийн өмнө бид 15-хан настай Монгол ихэр эгч дүү дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох “Империал” коллежоос зохиосон инноваци буюу шинэ санаагаар бүтээл гаргах уралдаанд хоёр болон гуравдугаар байрыг эзэлсэн талаар баярт мэдээг нийтэлж байсан. Тэгвэл өнөөдөр бид ихэр эгч дүүтэй тэрхүү хүндтэй шагналыг хүртсэн бүтээл хийгээд өөрсдийнх нь талаар ярилцлаа. Шинийг сэдэж, шинийг бүтээж, дэлхийн түвшний уралдаанд Монголын нэрийг цуурайтуулсан эгч дүүсийг Э.Есүй, Э.Есүгэн гэдэг. Тэд одоо Лондон хотод сурч, амьдарч байна.
-РОЛИК, УНАДАГ ДУГУЙНААСАА БҮТЭЭЛИЙНХЭЭ САНААГ ОЛСОН-
-Сайн байцгаана уу. Э.Есүй, Э.Есүгэн ихэр эгч дүү “Империал” коллежээс зарласан инновацийн уралдаанд амжилттай оролцож хоёр, гуравдугаар байр эзэлснийг дуулаад бахархаж байлаа. Юуны өмнө бидэнд өөрсдийгөө танилцуулаач.
-Есүй: Сайн байна уу. Юуны өмнө танд болон энэхүү нийтлэлийг уншиж буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хоёрын талаар мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаныг өчигдөр өглөө ээж, ааваасаа сонсоод баяртай байлаа. Биднийг Энхсүрэнгийн Есүгэн, Есүй гэдэг. Бид одоо 15 настай. Английн Лондон хотод төрсөн. Одоо дунд сургуулийн 11-р ангид сурч байна. Бид аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.
-“Империал” коллежоос зарласан “Maker Challenge” инновацийн уралдаанд оролцсон шүү дээ. Бидэнд тэмцээний талаар товч тайлбарлаж өгөөч.
-Есүгэн: Энэ удаагийн тэмцээн “Design Challenge” – Life after COVID 19” буюу “Ковид-ын дараах амьдрал” нэртэйгээр зохион байгуулагдсан. Гол зорилго нь коронавирусийн нөлөөнд ихээхэн өртсөн тухайлбал, эрүүл ахуй, тогтвортой байдал, сэтгэцийн эрүүл мэнд, харилцаа холбоо, ганцаардал, ажлын байр гэх мэт сэдвүүдэд тулгуурлан бүтээгдэхүүн зохион бүтээх юм.
-Есүй: Харин уралдааны гол шалгуур нь тухайн бүтээгдэхүүн коронавирусийн халдварын улмаас хүмүүст тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдэж байна, хийсэн бүтээгдэхүүнийг маань цар тахлын үед хэрэглэх боломжтой юу, бүтээх зардал, материал, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг юм. Энгийнээр тайлбарлавал тухайн бүтээлтэй холбоотой бүхий л зүйлийг тооцоолж, харгалзан үзэж байж эцсийн дүнг гаргадаг.
-Есүй “Томоко” дуулга, Есүгэний “Мичка” усны саваараа хоёр, гуравдугаар байранд шалгарсан шүү дээ. Бүтээлийнхээ талаар бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
-Есүй: Миний бүтээсэн дуулга малгайн гол онцлог нь толгойд массаж хийдэг. Малгайн дотор байрлуулсан жижиг шаригууд нь эргэлдэх механизмаар массаж хийнэ гэсэн үг. Мөн ролик болон дугуй унаж байхдаа өмсөх боломжтой. Ролик удаан хугацаагаар унах үед хөлс их гардаг шүү дээ. Тийм болохоор хөлсийг дарах зорилгоор малгайн хойд хэсэгт агааржуулалт бас хийж өгсөн. Харин бүтээлээ “Fusion-360” 3D modelling программ ашиглаж хийсэн.
-Есүгэн: Миний бүтээлийн гол санаа нь хорио цээрийн дараа хүмүүсийг агаарт гарч, аялалд яван эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилготой. Бүтээгдэхүүн маань гурван онцлогтой. Нэгдүгээрт, гар чийдэн хэлбэрээр ашиглаж болох гэрэл асдаг системтэй. Хоёрдугаарт “Bisphenol” буюу химийн найрлага ороогүй пластик бүтэцтэй. Гуравдугаарт халууцаж хөлөрсөн үед "мист" шиг шүршиж цацах гэсэн үйлдлүүдийг хийдэг. Бүтээлээ би Есүйтэй адил программ ашиглаж хийсэн.
-Тэгвэл бүтээлийнхээ санааг хэрхэн олсон бэ.
-Есүй: Их Британийн Алекс Иссигонис гэдэг авто машины дизайнерын зохион бүтээх арга барилаас санаа авч өөрийн тэшүүр, дуулга малгайг бүтээсэн. Би роликоор гулгах, дугуй унах дуртай болохоор бүтээл хийх санаагаа ч дуртай зүйлсээсээ олсон гэж хэлж болно.
-Есүгэн: Хөл хорионы дараа хүмүүс их хэмжээгээр агаарт гарч, уул руу алхах байх гэж бодсон. Тэгээд аялалд явахад юу хамгийн их хэрэгтэй вэ гэж бодож байтал усны сав хийх санаа төрсөн юм.
-Бүтээл хийх явцад хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ. Хэдий хугацаанд бүтээлээ хийж дуусгав?
-Есүй: Миний хувьд малгайн дугуй хэлбэр болон доторх шаригуудыг 3D хэлбэртэй гаргаж хийхэд нэлээн их ажиллагаа орж хэцүү санагдаж байсан.
-Есүгэн: Усны савны таглааны эд ангиудыг 3D хэлбэрээр хийхэд хэцүү байсан. Нэлээн ажиллагаа шаардагдсан. Бид хоёр уралдааны талаар оройтож мэдсэн. Орох уу яах уу гэж эхэндээ эргэлзэж байгаад зориглоод үзэхээр болсон юм. Цаг их давчуу байсан тул дөрвөн өдрийн турш өдөр шөнөгүй хийж дуусгасан.
-ХОЁУЛАА БАЙР ЭЗЭЛСНИЙГ МЭДЭЭД ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАСАН-
-Тэгвэл бүтээлийнхээ нэрийн талаар тайлбарлаач. Яагаад “Toмокo”, “Мичка” гэж нэрлэсэн юм бэ?
-Есүй: Аав, ээж маань бид хоёрыг Томоко, Мичка гэж дууддаг. Том охин, жижиг охин гэсэн утгаар тэгж дууддаг гэсэн. Тэгээд л энэ нэрээсээ санаа авсан. Өөрсдийнхөө өөр нэг нэрээр нэрлэчихсэн гэсэн үг/инээв/ .
-Та хоёр өмнө нь энэ уралдаанд өмнө нь орж байсан уу.
-Есүгэн: Яг энэ уралдааны хувьд бид урьд нь орж байгаагүй ээ. Харин бага болон дунд сургуульдаа зургийн болон график дизайны чиглэлийн уралдаануудад оролцож хэд хэдэн удаа түрүүлж байсан.
-Уралдаанд байр эзэлснээ хэзээ мэдсэн бэ. Ер нь хоёулаа байр эзэлнэ гэж төсөөлж байсан уу.
-Есүй: Уралдааны хариу зарлагдаж хугацааг урьдчилан тодорхой заасан байдаг учраас бид “email” хариугаа хүлээж, догдолж байсан. Хоёулаа байр эзэлснийг хараад их баярласан.
-Есүгэн: Анх тэмцээнд бүтээлийнхээ танилцуулгыг явуулахдаа өөрсдөдөө итгэлтэй байсан л даа. Яагаад гэвэл бид хоёрын ашигласан программыг үе тэнгийн хүүхдүүд маань нэг их ашигладаггүй юм.
-Уралдааны нэр “Ковидын дараах амьдрал”/Life after COVID-19/ шүү дээ. Та хоёр маань хөл хорионы өдрүүдийг юу хийж өнгөрүүлсэн бэ. Магадгүй энэ үеэр бүтээл хийх санаа төрөв үү.
-Есүй: Хөл хорионы үеэр их завгүй байсан шүү. Сургууль хаагдаж, хөл хорио тогтоогдсон ч онлайнаар хичээл орж байсан. Онлайнаар хичээлээ хийхийн хажуугаар бид хоёулаа санхүүгийн байгууллага болон Химийн инженерчлэлийн компанийн ажлын туршлага хөтөлбөрт хамрагдаж, суралцаж амжсан.
Есүгэн: Үүний хажуугаар би хүүхдүүдэд зориулан уран зөгнөлт ном бичсэн. Би уран зөгнөлт ном унших дуртай. Уран зөгнөл бичих нь төсөөллийн ертөнгцийг бий болгож, шинэ санаанууд ч урган гардаг. Бас зураг зурж, чөлөөт цагаараа өөрийн блогийг хөтөлж үзсэн.
-Сургуулийнхаа талаар бидэнд ярьж өгөөч.
-Есүй: “Imperial” коллеж нь шинжлэх ухаан, инженер, бизнес, анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн дэлхийн нэр хүндтэй 10 их сургуулийн нэг. Бид хоёр өөрсдийн хичээлийн хажуугаар тус коллежийн “Makers Challenge” хөтөлбөрт хамрагдсан юм.
-Та хоёр маань хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ. Монголд ирэхээрээ очих дуртай газар чинь юу вэ?
-Есүй: Бид зун болгон Монгол руу явдаг. Энэ зун харин хөл хориотой байсан учраас явж чадаагүй. Дараа жил заавал явна гэж итгэж байна.
-Есүгэн: Монголд очихоороо эмээгийнхээ лагерь дээр очих их дуртай. Бас гэр бүлээрээ хөдөө аяллаар явах хамгийн гоё байдаг.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ.
-Есүй: Чөлөөт цагаараа ном унших, аудио ном сонсох дуртай.
-Есүгэн:Харин би роликоор тоглох зохиол бичих, зураг зурах дуртай.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ. Мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцаач.
-Есүй: Би санхүүгийн мэргэжилтэй болж, бизнес эрхлэхийг хүсдэг. Мөн Оксфорд, Кембриж гэх мэт дэлхийн хэмжээний том сургуульд суралцан боловсрол эзэмшихийг мөрөөддөг.
-Есүгэн: Би хуульч мэргэжилтэй болохыг хүсдэг. Бас өөрийн бичсэн номоо хэвлүүлж, олны хүртээл болгохыг мөрөөддөг.
-Ярилцсанд баярлалаа. Мөрөөдөл нь биелэх болтугай.
-Баярлалаа.