Баасан гарагт /2020.10.23/ автомашины "Autódromo Internacional do Algarve" уралдаан дээр "Red Bull" багийн нисгэгч Макс Верстаппенийг "Racing Point"-ийн нисгэгч Ланс Стролл 1-р эргэлтэд гүйцэж түрүүлэх үеэр тэд мөргөлдөх дөхжээ.
Улмаар Верстаппен бухимдаж, радио долгионоор "Энэ новш сохор юмуу? Ямар эргүү амьтан бэ. Муу монгол чинь" гэж хэлжээ.
Уг үйл явдлын дараа Шотландад байрладаг "Mongol Identity" буяны байгууллага Формула 1 уралдааны нисгэгч Макс Верстаппенийг хэлсэн үгэндээ уучлалт гуйхыг шаардсан захидал илгээсэн байна.
Харин Верстаппен хэлсэн үгэндээ харамсахгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний үгэнд хэн нэгэн гомдох нь түүнд ямар ч хамаагүй гэжээ. Түүний хувьд Нидерланд улсын иргэн бөгөөд тус улсад "монгол" гэсэн үгийг чөлөөтэй хараал болгон хэрэглэдэг гэсэн байна.
Үүнд "Монгол Identity" байгууллагын тэргүүн Ууганаа Рамсай харамсаж буйгаа илэрхийлээд Формула 1-ээс түүнд хариуцлага хүлээлгэхийг шаарджээ.
Дауны синдромтой хүмүүст хамааралтай "монголоид" хэмээх нэр томъёог 1965 онд ДЭМБ-аас монгол угсаатныг доромжилсон хэмээн хэрэглэхгүй байхыг анхааруулсан байдаг. Гэтэл авто уралдааны нисгэгч залуу ийн хэрэглэсэн нь төрөлхийн дауны синдромтой хүүгээ гуравхан сартай байхад нь алдсан Ууганаа төдийгүй олон орны хүмүүсийн уур бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Тиймээс уг нэр томъёоны цаад утгыг үндэслэсэн нийгмийн эмзэг гишүүдэд болон олон улсын монголчуудын нийгэмлэгт хүндэтгэлтэй, хүнлэг сайхан сэтгэл, энэрэнгүй хандах үүднээс олон нийтээс уучлал гуйхыг хүсэж буйгаа тэрээр илэрхийлсэн байна.
Эх сурвалж: f1i.com