Бостон хотод санал хураах хайрцаг шатах үед ойролцоо байсан иргэнийг цагдаа нар баривчилжээ. Тэрбээр тусгай төхөөрөмж ашиглан хайрцгийг шатаасан бөгөөд мужийн эрх баригчид цаашид санал авах хайрцгийг илүү сайн хамгаалахыг уриалсан байна.
Цагдаа нар энэ сарын 25-ны үдэш 39 настай Уорлди Армандыг Бостоны нийтийн номын санд санаатайгаар гал тавьж, саналын хайрцаг шатаахыг завдсан хэрэгт буруутгаж, сэжигтнээр татан баривчилжээ. Иргэд анх энэ сарын 25-ны үүрийн 04:00 цагт урьдчилсан санал хураах хайрцгаас утаа гарч байгааг анзаарч дуудлага өгсөн аж. Тэр даруй гал унтраах ангийнхан хэргийн газарт ирж, саналын хайрцгийг усаар дүүргэн, галыг унтраажээ.
Саналын хайрцагны амсар ноцтой эвдэрсэн тул цагдаа нар Армандыг гал асаахдаа тусгай төхөөрөмж хэрэглэсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Массачусеттс мужийн Нэгдсэн сангийн нарийн бичгийн дарга Уильям Галвин дээрх асуудалд онцгой анхаарал хандуулан, санал хураах хайрцгийг хамгаалахын тулд хамгаалагч ажиллуулах, камержуулах гэх мэт арга хэрэглэхийг сануулсан байна. Саналын хайрцаг шатсан болон гал унтраахын тулд усаар дүүргэснээс болж дотор нь байсан 122 саналын хуудасны 87 нь сүйтгэгдсэн аж.