АНУ-ын сансар судлалын байгууллага NASA 2024 онд сар руу хоёр сансрын нисгэгч илгээхээр бэлдэж байгаа билээ. Мөн хүн төрөлхтний саран дээр амьдрах боломжийн талаар судалсаар буй. Тэгвэл NASA-ийн эрдэмтэд Sofia буюу (Stratospheric Observatory for Infrared Astronomy) нэртэй телескоп ашиглан саран дээр урьд нь төсөөлж байснаас илүү их хэмжээтэй ус байгааг тогтоосноо өчигдөр мэдэгджээ. Ингэснээр хүн төрөлхтөн саран дээр суурьших, сарнаас цааш сансрын гүн рүү аялах боломж нээгдэж байна.
Sofia (Stratospheric Observatory for Infrared Astronomy) нэртэй уг телескоп нь сарны гадаргуугаас ойсон нарны гэрлийн долгионы уртыг хэмжих замаар мэдээлэл цуглуулдаг бөгөөд Boeing 747 нисэх онгоцонд суурилуулсан 2.7 метр телескопын тусламжтай цуглуулсан мэдээлэл дээр шинжилгээ хийгээд сарны гадаргууд хангалттай хэмжээний усны молекул байгааг тогтоосон байна.
Тодруулбал сарны хөрсний нэг шоо метр талбай бүрт нэг жижиг лонхны хэмжээтэй ус агуулагдаж байгаа гэж дүгнэжээ. Энэ нь саран дээр байнгын суурин байгуулж, хүн амьдрахад хангалттай хэмжээний ус юм.
Нарны туяанаас хамгаалах агаар мандал бараг байхгүй тул сарны гадаргуу дээр ямар ч ус байхгүй гэж 1990-ээд оныг хүртэл үздэг байв. Үүний дараа сансрын хөлгөөс хийсэн судалгаагаар сарны туйлуудын ойролцоох тогоонуудад мөс хадгалагдаж буй шинж тэмдгийг илрүүлж байжээ.
Одоо эрдэмтдийн судалгааны дараагийн зорилт нь сарны гадаргуу дээр ус яг ямар хэлбэртэй оршиж байгааг тогтоож, сарны хөрснөөс шингэн ус гаргаж авах технологи боловсруулах болж байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд 2024 онд саран дээр буух сансрын нисгэгчид чухал үүрэг гүйцэтгэх юм.
Эх сурвалж: NASA.gov