Бөхийн салбар хорооноос энэ жилийн улсын их баяр наадмаар улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихын цолыг, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьд олгосон чимгийг, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвад олгосон чимгийг тус тус хураах, барилдах эрхийг нь 11 сараар хасах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлээд байна.
Одоо Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо албажуулах юм.
Энэ жилийн допингийн шинжилгээнд бүдэрсэн эдгээр бөхчүүдийг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдахыг нь харах үзэгч түмэн олон байгаа учир 11 сараар барилдах эрхийг нь хасах нь зүйтэй гэж Бөхийн салбар хорооноос үзэж байгаа аж.
Учир нь барилдах эрхээ хасуулсан бөхийн хугацааг тухай жилийнх нь Долдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолдог юм.
Иймд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассанаар тэд ирэх жил болох Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах эрхтэй болох юм. Тодруулбал, Улсын аварга Н.Батсуурь энэ талаар мэдээлэл хийх үеэрээ “Миний биеэс предизин гэх бодис илэрсэн гэдэг хариу өгсөн. Шинжилгээний хариу нь үнэн, зөв гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны есдүгээр сарын 10-нд хариугаа аваад гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмээ судалсан. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг эм юм. Улмаар сүүлд допингийн төрөлд албан ёсоор орсон юм билээ” гэж мэдэгдсэн.
Харин улсын арслан Р.Пүрэвдагва манай сайтад өгсөн ярилцлагадаа “Гэмтэл бэртлийнх нь эмчилгээнд хориотой бодис орсныг мэдсэн бол энэ жилийн баяр наадмыг өнжих байсан хэмээгээд, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнөхөн ийм асуудалд орж байгаадаа харамсаж байна” гэж мэдэгдсэн билээ.