БНХАУ-ЫН ИРГЭД: Монголчууд хэлсэндээ хүрсэн тул тэдэнд зориулж нүүрсний захиалгаа нэмэгдүүлье

БНХАУ-ЫН ИРГЭД: Монголчууд хэлсэндээ хүрсэн тул тэдэнд зориулж нүүрсний захиалгаа нэмэгдүүлье

БНХАУ-д энэ оны нэгдүгээр сараас коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” хандивлаж буй тухайгаа мэдэгдсэн билээ.

Үүний дагуу БНХАУ-ын талаас 30 мянган толгой хонийг амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлсэн тул аравдугаар сарын эхээр Замын-Үүд боомт руу хандивын хонинуудыг хөлөөр нь гарган, тусгаарлаад байсан юм. Тэгвэл тусгаарлалтын хугацаа дуусаж, өчигдөр Монгол-Хятадын хилийн тэг зурвас дээр эхний 4000 мянган хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон билээ. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд 30 мянган хонь нэг бүр дээр мал эмнэлгийн үзлэг хийж дууссан талаар албаныхан мэдээлсэн юм. Мөн энэ тухай хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагдсан бөгөөд тус улсын олон нийтийн сүлжээ Weibo дээр гарсан хөгжилтэй сэтгэгдлүүдийг хүргэж байна.

  • Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүрлээ, хүн бүхэн дуртай байна
  • Хөөх, ёстой гоё амттай байхдаа, монголын ард түмэндээ баярлалаа
  • Тэд хэлсэндээ хүрсэн тул Монголын ард түмэнд зориулж нүүрсний захиалгаа нэмэгдүүлье
  • Үнэхээр удаан хүлээлээ шүү, одоо хаанаас яаж авах юм бэ?
  • Арааны шүлс гоожиж байна, халуун хурганууд үнэртэж байна
  • Үнэхээр ирчихлээ гэж үү, маш олон хурга байна. Үнэхээр найдвартай байна шүү
  • Яг 4000 байгаа юм уу, сайн тоолох хэрэгтэй шүү /инээх/
  • Яагаад бидэнд энэ бүгдийг өгч байгаа юм бэ, бид тийм хүнд байдалд байгаа гэж үү. Би лав ач холбогдол өгөхгүй байна
  • Миний санаа зовж байгаа цорын ганц зүйл бол “энэ Монголын ачааны машин юм уу?
  • Эдгээр хонинууд маш үнэтэй, бас тээвэрлэхэд их мөнгө ордог гэж сонссон.
  • Сайн залуу байна, энэ дотор ямаа байхгүй юу
  • Энгийн хүмүүс энэ их хонийг идэж чадна гэж үү
  • Цар тахлыг даван туулж чадсан бидний амжилтыг монгол хонинууд тэмдэглэхээр ирлээ.
  • Сүүлийн хэдэн сард эд нар үржсэн байх ёстой. Тэгэхээр 30 мянгаас илүү ирж байгаа гэсэн үг үү?
  • Итгэмжлэгдсэн улс!
  • Ноосыг нь ашиглаж, хувцас хийх үү, үнэхээр дулаахан байх даа.
  • Аан, машинаар авчирсан юм уу, өвс ногоотой газраас ташууртай, туугаад ирсэн юм байх гэж бодсон
  • Хубэй хотын иргэд эдгээр хонинуудыг эмнэлгийн тэргүүний ажилтнуудад нэн түрүүнд өгөх ёстой.
  • Хэдий амттай ч бүгдийг нь ална гэж бодохоор өрөвдөж байна.
  • Хандивын хонинуудыг бидэнд өгөхийн төлөө таргалуулсан гэсэн, баярлалаа
  • Өөрийн эрхгүй нулимс гарч байна” гэх мэтээр сэтгэгдлүүд цуварчээ.

Хандивын хонинуудыг хүлээлгэн өгөх үеэр хоёр улсын албаны хүмүүс цар тахлын улмаас хоорондоо биечилж уулзалгүй, холын зайнаас мэндчилж байсан юм. Уг ёслолын ажиллагаанд манай улсын болон БНХАУ-ын хэвлэлүүд очиж шууд дамжуулсан бөгөөд БНХАУ-ын талаас хандивын хонинуудыг Эрээн хотын тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядална гэсэн мэдээллийг Хятадын Олон улсын радиогоос хүргэж байсан билээ.