Өмнөд Солонгост томуугийн эсрэг тарилга хийлгэсэн таван иргэн нас баржээ. Эхний нас баралт баасан гарагт бүртгэгдсэн бөгөөд 17 настай хүү вакцин хийлгэснээс хоёр хоногийн дараа бие нь муудаж нас барсан байна. Үүний дараа 70-аад насны эрэгтэй томуугийн вакцин хийлгэснээс нэг хоногийн дараа Дэгү хотод нас баржээ. Дэгүгийн эрүүл мэндийн ажилтнуудын хэлж буйгаар тус эрэгтэй 2015 оноос хойш вакцин хийлгэсэн бөгөөд урьд нь вакцины эсрэг ямар нэгэн реакц өгч байгаагүй гэжээ.
Эрх баригчдын зүгээс иргэдийн нас баралтыг вакцинтай холбон үзэх үндэслэлгүй гэж мэдэгдээд байна. Гэсэн ч нас барсан таван иргэн бүгдээрээ вакцин хийлгэсний дараа нас барсан нь сэжиг төрүүлж байгаа юм. Одоогоор иргэдийн аюулгүй байдлын үүднээс вакцины үндэсний хөтөлбөрийг түдгэлзүүлээд байна.
Өмнөд Солонгосын томуугийн эсрэг вакциныг өөр өөр эм үйлдвэрлэгчид нийлүүлдэг. Үүнд “LG Chem Ltd 051910.KS”, “Boryung Biopharma Co”, “Ltd. Boryung” зэрэг багтдаг. Урьд нь “Ltd. Boryung” компаниас вакцин хийлгэсэн иргэн нас барсан тухай мэдээлж байсан ч одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Өмнөд Солонгост томуугийн ханиадны эсрэг вакцины хөтөлбөрийг аравдугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш 8.3 сая хүн вакцинд хамрагдсан бөгөөд үүнээс 350 орчим сөрөг хариу үйлдэл бүртгэгдсэн байна. Тус улсад улирлын томуугийн вакцинжуулалттай холбоотой хамгийн олон нас баралт 2005 онд зургаа бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters