“Darkside” хэмээх хакерын бүлгүүд томоохон компаниудыг хакердаж олсон мөнгөө сайн үйлс хийхэд зарцуулсан баримтаа ил болгожээ. Тус бүлэг 10 мянган долларын “Bitcoin” доллар Хүүхдийн олон улсын байгууллага, Усны төсөлд хандивласан баримтаа веб хуудас дээрээ тавьсан байна.
Ингэхдээ "Компаниудын төлсөн мөнгийг буяны үйлсэд зарцуулах нь шударга ёсны хэрэг гэж бид үзэж байна. Та бүхэн бидний ажлыг хэчнээн муу гэж бодож байсан ч гэсэн бид хэн нэгний амьдралыг өөрчлөхөд тусалсан гэдгээ мэдсэндээ баяртай байна. Өнөөдөр бид анхны хандиваа илгээв" гэжээ.
Харин Кибер аюулгүй байдлын “Emsisoft” компанийн шинжээч Бретт Каллоу "Гэмт хэрэгтнүүд хандив өгснөөр юунд хүрнэ гэж найдаж байгаа нь огт тодорхойгүй байна. Магадгүй тэд хандив өгснөөрөө өөрсдийн гэм бурууг цагаатгана гэж бодож байгаа байх. Гэхдээ тэд буруу бодож байна” гэсэн байна. Хандив өгсөн хоёр байгууллагын нэг болох Хүүхдийн олон улсын байгууллагаас "хэрэв энэ нь хууль ёсны мөнгө биш бол хүлээн авахгүй" гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC