Трампын засаг захиргаа хүний эрхийн асуудал эрхэлсэн ахлах албан тушаалтныг Төвдийн тусгай зохицуулагчаар томилсны дараа БНХАУ “Төвдийг тогтворгүйжүүлэхийг санаархаж” байна хэмээн АНУ-г буруутгажээ.
Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр/2020.10.14/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан туслах Роберт Дестрог Төвдийн зохицуулагчаар томилсон юм.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян энэ талаар өнөөдөр мэдээлэхдээ “Төвдийн асуудал бол гаднын ямар ч этгээд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй Хятадын дотоод асуудал юм. АНУ-ын Засгийн газраас үүнд ороолцолдож буй нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Төвдийг тогтворгүйжүүлэх гэсэн улс төрийн явуулга. Манай улс үүнийг эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Хятад улс 1950 онд Төвдийг бүрэн хяналтад авсан юм. Харин БНХАУ-ын Засгийн газраас үүнийг Гималайн бүс нутагт “феодалист” амьдралаа хаяхад нь тусалсан “энх тайвны чөлөөлөлт” гэж тодорхойлдог.
Эх сурвалж: Reuters