Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков сонгуулийн дараа үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас өнөөдөр огцорч буйгаа мэдэгдлээ. Жээнбеков өнгөрсөн долоо хоногт огцрохоо мэдэгдэж байсан ч шинэ сонгууль болох хүртэл албан тушаалдаа ажиллана хэмээж байсан юм.
Өчигдөр/2020.10.14/ жагсагчид үндсэрхэг үзэлтэн Садыр Жапаровыг ерөнхий сайдаар сонгосныг парламентын гишүүд зөвшөөрсөн. Улмаар Жапаров болон түүнийг дэмжигчид Жээнбековыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.
Энэ сарын 4-нд болсон парламентын сонгуулиар Ерөнхийлөгч Жээнбековын намынхан ялалт байгуулсны дараа сөрөг хүчний дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрынхаа байрт халдсан юм. Эсэргүүцэгчид засгийн газрын удирдлагын хэд хэдэн байруудыг эзэлсний дараа эрх баригч намаас сонгуулийн дүнг хүчингүй болгохоо зарласан. Хятадтай хил залгаа оршдог хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүн байсан Киргиз улсад олон жилийн турш улс төрийн эмх замбараагүй байдал ноёрхсон юм. Жеенбеков 2005 оноос хойш иргэдийн эсэргүүцэл, жагсаалын улмаас огцорсон гурав дахь ерөнхийлөгч болж байна.
Эх сурвалж: Reuters