Өчигдөр буюу 13-ны өдөр Армен, Азербайжаны зэвсэгт хүчнүүд харилцан нэгнийхээ эсрэг шинэ довтолгоо эхлүүлжээ. Талуудын хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн бөгөөд энэ үеэр олон хүн амь эрсэдсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Харин Армен, Азербайжаны зүгээс хохирогчдын талаар болон аль тал нь түрүүлж довтолсон талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.
Өнгөрсөн баасан гарагт /2020.10.09/ Армени, Азербайжаны талууд ОХУ-ын нийслэл Москва хотод хэлэлцээ хийсний дүнд Уулын Карабахд түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Талууд аравдугаар сарын 10-ны үд дундаас эхлэн галаа зогсоох ёстой байсан ч Карабахын нийслэл Степанакерт хотноо долоон удаа дараалсан хүчтэй дэлбэрэлт болсон. Арменийн талаас гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээс хойш тавхан минутын дараа Азербайжаны тал довтолгоо эхлүүлж, хот тосгодыг бөмбөгдөж эхэлсэн гэж байсан бол Азербайжаны талаас Арменийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, Азербайжаны Тертер, Агдам мужууд руу буудаж эхэлсэн хэмээн талууд бие биенээ буруутгаж байсан.
Эх сурвалж: CNN