БИДНИЙ ТУХАЙ: ОХУ, Монголчуудад найрсаг ханддаг нь ЗХУ-ын нөлөөгөө хадгалах гэсэн бодлого нь

БИДНИЙ ТУХАЙ: ОХУ, Монголчуудад найрсаг ханддаг нь ЗХУ-ын нөлөөгөө хадгалах гэсэн бодлого нь

Төв Азийн цээжинд хоёр их гүрний дунд манай улс оршдог. Хоёр хөршийнхөө “хэнтэй” нь илүү “нөхөрсөг”, “дотно” харилцаатай вэ гэвэл ОХУ гэж хариулах нь гарцаагүй. Тэгвэл ОХУ яагаад манай улстай хэдэн зуун жилийн турш холбоотон болж, найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн юм бол. 

Олон улсын статустай “The Diplomat” мэдээллийн сайтад энэ тухай нэгэн сонирхолтой нийтлэл гарсныг та бүхэнд орчуулан хүргэж байна.

-ОРОС, МОНГОЛЫН ХАРИЛЦАА ХУДАЛДАА АРИЛЖААГААР Ч БЭХЖИЖ БАЙНА-

13-р зуунд орчин үеийн Орос, Украин, Беларусийн ихэнх хэсгийг хамарсан дундад зууны үеийн Киевийн Рус улсыг Чингис хааны хамгийн итгэлт жанжнуудын нэг Зэвийн удирдлага дор монголчууд эзлэн түрэмгийлж байв. Монголчуудын анхны түрэмгийлэл хэсэг хугацаанд намжсан ч эзлэн түрэмгийлэгчдийн хоёр дахь давалгаа дахин эхлэв. Энэ удаад Чингис хааны ач хүү Зүчи тэргүүтэй баатрууд Оросын газар нутгийг эрхшээлдээ оруулсан юм. Монголчуудын эзлэн түрэмгийллийн дараагийн үеийг “Татарын үе” гэж нэрлэдэг бөгөөд Оросын хүчирхэг эртний улс болох Алтан Ордыг Монголчууд захирч байсан байв.

Азаар Монголчуудын эзлэн түрэмгийлэл дуусч, хоёр орны найрсаг харилцаа эхэлсэн. ОХУ Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт холбоот улс ялсны баяр болгон зохион байгуулдаг Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн ангийн оролцохыг заавал урьдаг. Энэхүү баярт Монгол улсыг урьсан нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Кремльтэй нягт холбоотой байдаг Армен, Беларусь, Серб, Узбекистан зэрэг улс бүгд оролцсон. Монгол улс нь Оросын хамгийн бат бөх холбоотнуудын тоонд дор хаяж “бэлгэдлийн” хувьд багтдаг. Тиймээс тэднийг урих нь зүй ёсны хэрэг байв. Хоёрдугаарт, Монгол улс Дэлхийн 2-р дайны үед Зөвлөлт Холбоот Улсыг мөнгө, түүхий эд, цэргийн дэмжлэгээр хангаж байсан тул тэдний хувь нэмрийг одоо ОХУ үнэлэн, онцолдог.

Ерөөс ОХУ Монголыг Ялалтын баяртаа урьдаг нь гайхах зүйл биш. Өнгөрсөн жил гэхэд л  В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатарт айлчилж, Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай “байнгын найрамдлын гэрээ” байгуулав. Гэрээ байгуулах үеэр Путин хоёр улсын хоорондох "улс төр, эдийн засаг, соёлын" харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм. Цаашлаад Орос Монголын харилцаа худалдаа арилжаагаар ч мөн бэхжиж байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар Орос, Монголын худалдааны эргэлт 1.7 тэрбум орчим доллар болж, өмнөх оныхоос 13 хувиар өссөн байдаг. Нэмж дурдахад Оросын компаниуд Монгол дахь дэд бүтцийн томоохон төслүүд, түүний дотор Улаанбаатар төмөр замыг шинэчлэх ажилд оролцож эхэлсэн нь хоёр орны харилцааг улам өргөтгөсөн юм.

-УЧИР НЬ МОНГОЛЧУУДТАЙ ОРОС, ХЯТАДААС ГАДНА ӨӨР УЛСУУД Ч ХОЛБОО ТОГТООХЫГ ХИЧЭЭДЭГ-

Чухам Москва яагаад Улаанбаатартай найрамдалт харилцаагаа хөгжүүлэхийг маш их хүсэж байна вэ? Тал нутаг, өргөн уудам газраараа алдартай Монгол улс цөөн хүн амтай тул Оросын бараа бүтээгдэхүүний төв болох магадлал бага. Шинжээчдийн тооцоолсноор Монгол Улсын эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувь нь ОХУ-аас хангагддаг. Мөн Монгол Оросоос Хятад руу эрчим хүч зөөх чухал маршрут болохыг үгүйсгэхгүй гэж хэлдэг. Гэхдээ дан ганц эдгээр нь Орос улс Монголтой ойр байхыг тэгж их хичээдгийг тайлбарлаж чадах хангалттай шалтгаан биш.

Олон тоймч, шинжээч, судлаачид Орос, Хятад хоёрын Монгол дахь нөлөөллөө тогтоох өрсөлдөөний талаар санал бодлоо илэрхийлдэг ч энэ харилцааг бүрэн ойлгохын тулд Москвагийн бүс нутгийн бодлогыг өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй.

Орос Монголыг сонирхож байгаа нь Төв Азийн бүс нутагтай харилцаагаа өргөжүүлэх ерөнхий чиг хандлага, бодлогынх нь нэг хэсэг юм.

Цар тахал хэдий тархсан ч Төв Азийн таван улсын дөрөвнийх нь удирдагчид Ялалтын парадад оролцсон (тав дахь нь Туркменистаны Гурбангулы Бердымухамедов оролцох төлөвлөгөөгөө цуцлав). Энэ нь нөгөө талаар ОХУ-ын Төв Ази дахь харилцаа холбоогоо харуулсан үйлдэл байв. Цаашилбал, бэлгэдлийн дохио, тэмдэглэлт үйл явдлын урилгаас гадна Орос улс бүс нутаг дахь хүч чадлаа харуулахын тулд бодитой арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн жил Узбекистан улс ОХУ-аас орчин үеийн цэргийн тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, Орос, Тажикстантай хамтарсан цэргийн сургуулилт хийсэн. Энэ мэт Төв Азийн улс орнуудтай бат харилцаа холбоо тогтоохыг их гүрэн хичээсээр.

Нөгөө талаар ОХУ Монголчуудад элгэмсэг, таатай ханддаг нь  хуучин Зөвлөлт холбоот улс дахь нөлөөгөө хадгалах гэсэн Оросын улс төрийн бодлогын нэг хэсэг юм. Монгол улс хоёр том улсын дунд оршдог. Зарим судлаач Орос улсын Монголчуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх гэсэн оролдлого нь зөвхөн Хятадын нөлөөг сөрөхөд чиглэсэн  гэдэг. Гэвч ОХУ-ын Төв Ази, Монгол дахь стратеги нь зөвхөн Хятадад төдийгүй бусад бүс нутгийн өрсөлдөгчдөд чиглэгддэг. Учир нь Монголтой дан ганц Орос, Хятадаас гадна өөр улсууд ч харилцаа тогтоохыг хичээдэг.

Тухайлбал, Турк улс ч Монголчуудтай түүхэн харилцаатай байсан. 16-р зуунд монголчуудад Оросын Догшин Иван хаан ялагдал хүлээсний дараа Оттоманы Түрэгүүд элэг нэгт “түрэг монгол ахан дүүсээ” Оросын эсрэг тэмцэлд үргэлжлүүлэн дэмжиж байсан. Сүүлийн үед Турк улс энэ бүс нутагт “зөөлөн хүчний” дипломат үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа бөгөөд үүнд Монголын компаниудтай хамтарч амны хаалт болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, Монголын тариаланчдад туслах зорилгоор 250 тоннын багтаамжтай агуулах барих ажлыг эхлүүлсэн.  

Цаашилбал, АНУ-аас Монгол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Вашингтоноос энэ жил Монгол Улсыг “Энэтхэг-Номхон далайн чухал түнш” гэдгийг дахин нотолж, хоёр орны төлөөлөгчид “эрх чөлөө, ардчилал, хүний ​​эрхийн төлөө хамтын амлалт” -д гарын үсэг зурж байсан. Энэ бүхнээс харахад ОХУ-ын Монголтой харилцах харилцаа нь зөвхөн Хятадын нөлөөг эсэргүүцэхээс гадна бусад гүрэн рүү ч чиглэдэг. Өөрөөр хэлбэл бусад гүрнүүд Монголд байр сууриа олж авахаас урьдчилан сэргийлж, тэдэнтэй байнгын найрсаг холбоо, харилцаатай байдаг гэж хэлж болох юм.

Нийтлэлийг бүрэн эхээр нь Энд дарж үзээрэй

Эх сурвалж: Thediplomat

 




Өнөөдөр нохой өдөр

18 минутын өмнө