Канадын нэгэн жуулчин эмэгтэй галт уулын дэлбэрэлтийн улмаас сөнөсөн эртний хот Помпейн тууринаас 15 жилийн өмнө хулгайлсан эд зүйлсээ Италийн аялал жуулчлалын байгууллагад буцаан, шуудангаар илгээжээ. Бүсгүй 2005 онд Помпейд ирээд буцахдаа хэдэн зүйлийг дурсгал болгон хадгалах зорилгоор “хулгайлснаа" ийнхүү буцаан өгсөн байна. Тэр өнгөрсөн хугацаанд амьдрал нь бүтэлгүйтэж, олон таагүй зүйлс тохиолдсоныг Помпейн хараал гэж үзсэн байна.
Өөрийгөө Николь гэж нэрлэсэн тус эмэгтэй Помпей хотоос авсан ваарны чимэглэл, шаазангийн хэлтэрхий зэрэг зүйлсийг “Би одоо 36 настай. Азгүйтэл дагуулдаг эдгээр зүйлийг буцаан илгээж байна. Өнгөрсөн хугацаанд би хоёр удаа хөхний хорт хавдраар өвчилж, сүүлийн удаад нь хоёр хөхөө тайруулсан. Бас эдгээрийг авсны дараа манай гэр бүл санхүүгийн асуудалд орсон. Бид сайн санаат хүмүүс. Энэ хараалыг үр хүүхэд, гэр бүлдээ дамжуулахыг хүсэхгүй байна” гэсэн захидлын хамт илгээж, хийсэн зүйлээсээ сургамж авч, бурхнаас өршөөл гуйж байгаагаа илэрхийлсэн байна.
Хачирхалтай нь Помпей хотоос хулгайлагдсан олон тооны эд зүйлс ийм шалтгаанаар буцаж ирдэг аж.
Жуулчдын ихэнх нь тэдгээрийг дурсгал болгож хадгалахаар авдаг бол зарим нь цааш худалдаж, ашиг олохоор хулгайлдаг гэнэ. Тухайлбал 2015 онд нэг хүн Помпейн тууринаас хулгайлсан тоосгыг eBay сайтад борлуулахаар тавьж байжээ.
Эх сурвалж: CNN