Цар тахлын улмаас Перуд гацсан Японы жуулчинд зориулж тус улсын эрх баригчид Инкүүдийн нийслэл байсан Мачу Пикчу хотын балгасыг түр нээжээ. Жуулчин Жэссэ Такаяма дэлхийн гайхамшгуудын нэг болох тус дурсгалыг үзэхээр өнгөрсөн гуравдугаар сард Перуд ирсэн ч цар тахлын улмаас хөл хорионд орж, Мачу Пикчугийн ойролцоох Агуас Калентес хотод долоон сар гацсан аж. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт балгасаар зочилсон бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш Мачу Пикчуг үзсэн анхны жуулчин болсон байна.
Перугийн соёлын сайд Алехандро Нейра “Жэссэ Такаяма эртний хотын балгасыг үзэх мөрөөдөлтэйгээр Перуд ирсэн. Зөвхөн түүнийг онцгойлон харж үзээд музейн захиралтай хамт нэвтрүүлэхээр боллоо. Мөрөөдлөө биелүүлсний дараа Японы жуулчин эх орондоо буцах болно” гэжээ.
Перу улс коронавирусийн халдвараар нас барагсдын тоогоор дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлттэйд бичигдэж буй. Саяхан тус улс олон улсын нислэгээ сэргээсэн ч одоогоор Латин Америкийн долоон чиглэлд агаарын замаа нээгээд байгаа.
Эх сурвалж: Scmp