Энэ сарын 17-ны өдөр Францын Нантесийн түүхийн музей, Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотын музейн хамтарсан “Монголын эзэнт гүрний түүх” үзэсгэлэн болох байсан ч БНХАУ-ын Засгийн газраас тавьсан шаардлагуудын дагуу цуцлах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Хятадын Коммунист намаас тус үзэсгэлэнд “Монгол”, “Эзэнт гүрэн”, “Их эзэн Чингис хаан” зэрэг үгсүүдийг ашиглахгүй байх, хасах, үзэсгэлэнгийн үзмэрүүдийн тайлбарт хатуу хянах зэрэг шаардлагуудыг тавьжээ. Иймээс Францын Нантесийн түүхийн музейн удирдлага жил болгон зохион байгуулагддаг Монголын эзэнт гүрний түүх үзэсгэлэнг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Музейн албан ёсны тайлбарт өгүүлснээр, “Нантесийн түүхийн музей нь Өвөрмонголын Хөх хотын музейтэй хамтран Чингис хаан ба Монголын эзэнт гүрний түүхэнд зориулсан үзэсгэлэнгийн төсөлд хэдэн жилийн турш оролцож ирсэн. Түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг болох Монгол орны тухай 2020 оны аравдугаар сарын 17-нд нээлтээ хийх байсан үзэсгэлэн энэ жил Хятадын Өвөр монголын эсрэг баримталж буй хатуу байр суурийн улмаас 2024 оны 10-р сар хүртэл хойшлохоос өөр аргагүй боллоо.
Эхэндээ Хятадын тал үзэсгэлэнд үгсийн сангийн зарим элементүүдийг (Чингис хаан, Эзэнт гүрэн, Монгол гэх мэт үгс) хасах зарлиг гаргасан. Дараа нь үзэсгэлэнгийн агуулгыг өөрчилж, бүх бүтээлийн текст, газрын зураг, каталогт хяналт тавих хүсэлтийг ирүүлсэн.
Бээжингийн өвийн албанаас ирүүлсэн шаардлагад Монголын түүх, соёлыг “алга болгоход” чиглэсэн нэг талыг барьсан элементүүд оржээ. Иймээс бид түүхч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу өөрсдийн байгууллагаа хамгаалж энэхүү бүтээлийн үзэсгэлэнг зогсоох шийдвэрийг гаргалаа” гэжээ.
Музейн мэдэгдэл гарсны дараа Францын иргэд олон нийтийн сүлжээнд “Францын үйл ажиллагааг Хятад удирддаг болчихсон юм уу”, “Яагаад бид Хятадаас хамааралтай амьдарч байгаа юм” гэж байсан бол зарим нь “Өвөр монголд тулгасан хэлний асуудлаас болж, тэднийг дахин босох вий, Монголын нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлэхгүй гэж эртнээс нухчин дарах бодлого хэрэгжүүлж байна” зэргээр бухимдлаа илэрхийлжээ.
? L'#expoGengisKhan est reportée en 2024!
— Château des ducs de Bretagne (@ChateauNantes) October 12, 2020
Le durcissement, cet été, de la position du gouvernement chinois à l'encontre de la minorité mongole nous engage à reconstruire l'expo avec des collections européennes et américaines #museumsarenotneutral https://t.co/87re4ybx3i