АНУ-д хуульчийн мэргэжлийн шалгалт хамгийн хэцүү шалгалтуудын тоонд бичигддэг. Гэтэл Иллинойс мужид нэгэн эмэгтэй шалгалт өгч байхдаа хүүхдээ төрүүлжээ. Тодруулбал, Чикаго хотын Лойолагийн Их сургуулийн Хууль зүйн салбарын оюутан Брайанна Хилл хуульчийн шалгалтаа онлайнаар өгч байтал ус нь хагарч, хүчтэй өвдөлт өгч эхэлжээ. Шалгалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дөрвөн хэсгээс бүрдэж байж. Гэтэл бүсгүй дөнгөж эхний хэсгээ хийж байтал өвдөлт өгч эхэлжээ. Бүсгүй эхний хэсгээ арайхийн дуусгаж, нөхөртөө мэдэгдэн эх баригч дуудсан байна. Ингээд өвдөлт өгсөөр байхад үргэлжлүүлэн хоёр дахь хэсгээ хийхээр комьпютерийн ард сууж, амжилттай дуусгажээ.
Түүний нөхөр “Эхнэр маань өвдөлтдөө уйлж, сандарч байсан ч шалгалтаа амжилттай дуусгаж чадсан. Тэр үед надад харахаас өөр хийж чадах зүйл байгаагүй” гэжээ.
Удалгүй түргэн тусламжийн эмч ирэн түүнийг эмнэлэг рүү яаралтай авч явсан байна. Брайанна эмнэлэгт 22 цаг өвдөж хүүтэй болсныхоо дараа үргэлжлүүлэн хоёр дахь хэсгийн шалгалтаа эмнэлгийн орноос өгсөн аж. Эмнэлгийн ажилчид түүнд тусгай өрөө гарган өгч, үүдэн дээр нь “Бүү саад бол” гэсэн бичиг өлгөсөн байна. Хилл одоогоор шалгалтын дүнгээ аваагүй байгаа ч аль хэдийн ажлын байртай болжээ.
Эх сурвалж: CNN