МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирээд тусгаарлагджээ

МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирээд тусгаарлагджээ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Олимп, Дэлхийн аваргын мөнгө, МУГТ “King Tug” хочит Н. Төгсцогт мэргэжлийн боксын замналын 13 дахь тулаанаа Есдүгээр сарын 20-ны өдөр хийж ялалт байгуулснаар, WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болсон билээ.

Тэрээр тус тоглолтын дараа мэдээлэл хийх үеэрээ "Надад найман долоо хоног бэлтгэл хийх боломж гарсан. Үүнийг ч алдалгүй сайн ашигласан гэж бодож байна. Харин одоо дараагийн тулаандаа бэлэн байна” гэж мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл Н.Төгсцогт тус тулааныхаа дараа буюу энэ сарын 1-ны өдөр ирсэн Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, 21 хоногийн тусгаарлалтад байгаа талаар түүний ойрын эх сурвалж бидэнд мэдээллээ. 

Н.Төгсцогтын сүүлийн тоглолтын дараа WBC холбооны аваргын бүсийн тоглолт ирэх Арван нэгдүгээр сарын сүүлээр товлогдож магадгүй талаар спортын зарим хэвлэлүүд мэдээлж байсан юм. Харин түүний эх орондоо ирсэн энэхүү байдлаас үзвэл "аваргын бүс"-ийн төлөө хийх тулаан ойрын саруудад болохгүй нь бололтой. 

Сонирхуулахад, тус нислэгээр манай улсаас АНУ-д суух элчин сайд Ё.Отгонбаяр мөн ирж тусгаарлагдаад байгаа юм. Учир нь тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын манай улсад хийх айлчлалтай холбогдуулж ирсэн ч, тус айлчлалаа АНУ-ын талаас цуцлаад байгаа билээ. Харин тус нислэгээр 248 иргэн эх орондоо ирсэн гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж буй юм.