Киргизийн Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцлоо

2020-10-06 17:11

Киргизийн Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцлоо

Киргизэд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас тус улсын Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцсон талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Киргизийн хууль тогтоох байгууллагад Засгийн газрын талыг баримтлагч "Биримдик" нам (24.52 хувийн санал авсан), "Мекеним Кыргызстан" нам (23,89), мөн төвч үзлийг баримтлагч "Кыргызстан" (8,73), "Бутун Кыргызстан" (7,11) намууд орсон юм.

Үлдсэн намууд долоон хувийн босгыг давж чадаагүй бөгөөд олон тооны зөрчил гарсан гэж мэдэгджээ. Сонгуульд ялагдсан намуудын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Сейитбек Атамбаевын "Киргизийн социал демократууд" нам юм. Жагсагчид мөн Бишкек хотын шинэ даргыг тунхаглаж, шинэ Ерөнхий сайдыг томилохоор болсноо зарлажээ.

Эх сурвалж: RIA Novosti

2020-10-06 16:43

Киргизийн жагсагчид Засгийн газрынхаа байрыг галдан шатаажээ

Парламентын сонгуулийг будлиантай болсон гэж үзсэн Киргизийн жагсагчид Засгийн газрынхаа байр руу дайрч,галдан шатаажээ. Өчигдөр/2020.10.05/ орой нийслэл Бишкек хотод эхэлсэн тус эсэргүүцлийн жагсаалд 4000 орчим хүн оролцсон ч цагдаа нар тарааж чадсан юм.

Гэсэн ч өнөөдөр өглөө эсэргүүцэгчид дахин цугларч, гал тавьжээ. Киргизийн орон нутгийн хэвлэлүүдэд бичиж буйгаар Засгийн газрын барилгад гарсан галыг унтраасан гэжээ.

Түүнчлэн жагсагчид хотын захирагчийн алба гэх мэт хэд хэдэн удирдлагын барилгыг эзлэн, мөн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны төв байранд нэвтэрчээ. Харин Засгийн газрын зүгээс тус эмх замбараагүй байдлыг сөрөг хүчнийхэн засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого хэмээн мэдэгдсэн юм. Одоогоор мөргөлдөөний улмаас нэг хүн нас барж, 590 хүн шархадсан бөгөөд ерөнхийлөгч аюулгүй байдлын хүчнийг гал хэрэглэхгүй байх, "цус урсгахгүй байхыг" тушаажээ.

Эх сурвалж: Independent