Коронавирусээр өвчилсөн Д.Трамп зураг даруулахдаа амны хаалтаа авч, олныг "гайхшруулжээ"

Коронавирусээр өвчилсөн Д.Трамп зураг даруулахдаа амны хаалтаа авч, олныг "гайхшруулжээ"

Өнгөрсөн баасан гарагт /2020.10.03/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп шадар зөвлөхөөсөө коронавирусийн халдвар авсан нь энэ оны онцлох үйл явдлын нэг болж бичигдэх нь дамжиггүй. Түүнийг бүх Америк даяар дээд зэрэглэлийн эмнэлэгт хэвтэж, орноосоо "өндийх завдалгүй" эмчилгээ хийлгэнэ гэж бодож байсан ч бодит байдал өөр байв.

Учир нь ноён Ерөнхийлөгч халдвар авсан гурав дахь өдрөө өөрийн хэвтэж буй "УолтерРид" эмнэлгийн гадна автомашинтай гарч ирэн, цугларсан дэмжигчидтэйгээ мэндчилсэн нь цугларсан олонд тун гэнэтийн үйл явдал болсон юм.

Үүний дараа тэрээр  эмнэлгээсээ видео мэдэгдэл хийж, түргэн эдгэрээд удахгүй ажилдаа буцаж орох итгэлтэй байгаагаа илэрхийлж “Миний бие энд ирэхдээ тийм ч сайнгүй байсан бол одоо хамаагүй дээрдээд байна. Тэд намайг эдгээхийн тулд бүхнийг хийж байгаа. Миний бие дээрдэж байгаа” гэсэн юм. Гэсэн ч өмнөх өдөр нь Цагаан ордны албан хаагчид ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн талаар зөрүүтэй мэдэгдэл хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, Цагаан ордны тамгын газрын дарга Марк Мидоу сэтгүүлчидтэй уулзахдаа “Сүүлийн 24 цагийн турш ерөнхийлөгчийн амь нас аюулын ирмэг дээр байсан бөгөөд дараагийн 48 цаг Трампын эмчилгээнд шийдвэрлэх үүрэгтэй байх болно” гэсэн юм.

Гэнэтийн үйл явдал үүгээр дууссангүй. Даваа гарагийн өглөө /2020.10.05/ Цагаан ордны ажилчид Д.Трампын эмнэлгийн өрөөнөөсөө ажлаа хийж, албан бичигт гарын үсгээ зурж буй зургийг цацаж, Америк даяар шуугиан тарив. Түүний том охин Иванка Трамп аавынхаа зургийг тветтер хуудаснаа нийтэлж "Америкийн ард түмний төлөө ажиллахад түүнд юу ч саад болж чадахгүй” хэмээн жиргэсэн бол бусад ажилчид ч түүнийг магтсан, эерэг сэтгэгдэл бичиж, эмнэлгийн өрөөнөөсөө ажиллаж буй зургаар нь “давалгаалсан” юм.

Харин сөрөг хүчнийхэн үүнд арай өөрөөр ханджээ. Тодруулбал, Ардчилсан намын сөрөг хүчний нэгэн гишүүн түүний зургийг "урьдчилан бэлдсэн зураг байна" хэмээн бичиж байсан бол Цагаан ордны сурвалжлагч Эндрю Вайнберг “Трамп хоосон цаасан дээр нэрээ зурж байх шиг байна” гэсэн юм. Харин Цагаан ордноос үүнийг үгүйсгэж ерөнхийлөгчийг “Америкт үйлдвэрлэв долоо хоног”, “Хүүхдийн эрүүл мэндийн өдөр”, “Гал түймрээс урьдчилан сэргийлэх долоо хоногт” гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн.

Харин өнөөдөр тэрээр Цагаан ордны тагтан дээрээс зураг даруулахдаа амны хаалтаа авч, олон хүний шүүмлэлийг хүртээд байна. 

Коронавирусийн халдвар авсан хүн халуурч, босох ч тэнхэлгүй болдог. Гэтэл Ерөнхийлөгчийн өвдсөн шинжгүй энэ үйлдэл ард иргэдийг гайхшруулахаас гадна сөрөг хүчнийхэнд Трамп үнэхээр коронавирусийн халдвар авсан уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Эх сурвалж: CNN