А.Меркель Армены Ерөнхий сайдтай Карабахын дайны асуудлаар ярилцжээ

А.Меркель Армены Ерөнхий сайдтай Карабахын дайны асуудлаар ярилцжээ

Уулын Карабахад өрнөж буй дайны талаар ОХУ, АНУ, Франц улсууд нэн даруй гал зогсоож, асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Армены Ерөнхий сайд Никол Пашинянтай утсаар ярьж ОХУ, АНУ, Францтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.  

Тэрээр “Азербайжан, Армен улсууд Уулын Карабахад зэвсэгт тэмцэл явуулж, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна. Тиймээс асуудлыг шийдэхийн тулд сөргөлдөгч талууд эхлээд нэн даруй гал зогсоож, амь үрэгдэгсдийг байлдааны бүсээс гаргах боломжийг аль, аль талдаа өгөх ёстой. Дараа нь хэлэлцээрт орох шаардлагатай” гэжээ.

Армен Азербайжан улсуудын харилцаа өнгөрсөн сарын 27-ноос хурцдаж, зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжээд байгаа. Харин өчигдөр/2020.10.04/ бүсээсээ хальж, том хотуудыг хамарч эхэлсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн.

Азербайжаны ерөнхийлөгчийн туслах Хикмет Хажиевын мэдээлснээр Арменийн тал Азербайжаны хоёр дахь том хот Ганжад пуужингийн цохилт өгсөн гэв. Тус хот нь Уулын Карабахын төв Степанакерт хотоос 100 орчим километрийн зайд, мөргөлдөөний бүсийн гадна оршдог. Азербайжаны тал армийнхаа хохирлыг огт мэдээлэхгүй байгаа бөгөөд энгийн иргэдээс 24 хүн алагдаж, 111 хүн шархдсан тухай зарлаад байгаа. Харин Уулын Карабахын талаас 200 орчим цэрэг алагдсан бөгөөд үүнээс гадна энгийн иргэдээс 18 хүн алагдаж, 90 гаруй хүн шархадсан гэж мэдээлээд байна.

Эх сурвалж: TASS




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө