ТАНИЛЦ: Тоёота Приус автомашины 2022 онд худалдаанд гарах шинэ загвар

ТАНИЛЦ: Тоёота Приус автомашины 2022 онд худалдаанд гарах шинэ загвар

Японы Тоёота мотор компаниас 2017 онд Приус автомашины шинэ загварыг туршиж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл нарны зайн хураагуур, байгальд ээлтэй цахилгаан хөдөлгүүр бүхий уг загвар нь  автомашин сонирхогчдын дунд хайбрид машины зах зээлд шинэ стандарт тогтооно гэсэн хүлээлт үүсгээд буй юм. Үүнтэй холбогдуулан монголчууд бидний өргөнөөр хэрэглэдэг Тоёота Приус автомашин болон тус машины 2022 онд худалдаанд гарах шинэ загварыг танилцуулж байна.

-ТОЁОТА ПРИУС АВТОМАШИНЫ ТҮҮХ-

Японы Тоёота Приус маркын автомашин анх 1997 онд худалдаанд гарчээ. Ингэхдээ тухайн үеийнхээ хамгийн шинэлэг загвар болох хайбрид хөдөлгүүрээр бүтээгдсэн бөгөөд олон нийтэд зориулан үйлдвэрлэгдсэн анхны цахилгаан автомашин болсон байна.

/Хайбрид гэдэг нь эрлийз, хосолмол гэсэн утгатай үг бөгөөд хайбрид хөдөлгүүр нь дан ганц бензинээр ажилладаггүй, давхар цахилгаанаар хослон ажилласнаар бензин, мотороос ялгарах хорт утааг багасгадаг эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Анхны хайбрид машиныг Фердинанд Порше компани зуу гаруй жилийн өмнө бүтээж байжээ /

Приус автомашин 1997 онд зохион бүтээгдсэнээс хойш Тоёота компани дараа дараагийн машинууддаа Приус машины загвар, дизайныг өргөнөөр тусгах болжээ. Тухайлбал, Приусийн хийц загвар нь Corolla, Celica, RAV4 зэрэг бусад загваруудынхаа үндэс суурь болсон аж.

-ТОЁОТА ПРИУС АВТОМАШИНЫ ОНЦЛОГ-

Приус автомашин нь анх үйлдвэрлэгдэхдээ зөвхөн загвар, хийцээрээ төдийгүй хорт утаа бага ялгаруулдаг гэдгээрээ онцгойрч байсан юм. Тиймдээ ч бусад автомашинтай харьцуулахад агаарын чанар, хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлдөг тус автомашины хэрэглэгчдийг “эко залуус” хэмээн нэрлэдэг.

-ПРИУС АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ-

2008 онд газрын тосны үнэ огцом өссөн нь хайбрид машины борлуулалт нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Тухайлбал, 2012 онд Япон улсын хэмжээнд Приус автомашины борлуулалт 200000 гаруй болж өсжээ. Гэсэн хэдий ч 2018 оноос хойш борлуулалт нь жил бүр хоёр дахин буурч байгаа аж. Гэхдээ Тоёота Приус өдийг хүртэл АНУ дахь хамгийн их борлуулалттай 3 автомашины нэг хэвээр байгаа юм.

-ПРИУС АВТОМАШИНЫ 2022 ОНД ХУДАЛДААНД
ГАРАХ ШИНЭ ЗАГВАР-

Тоёота компани 2017 оны долдугаар сараас Приус машины тавдахь үеийн шинэ загварыг туршиж эхэлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэгвэл тэрхүү шинэ загварын автомашин ирэх 2022 онд худалдаанд гарах сурагтай байна.

Нарны зайн хураагуур: Шинэ загварын гол онцлог нь нарны зайн хураагуур нэмж суурилуулах замаар хорт утаа ялгаралыг улам бүр багасгахад оршиж байгаа аж. Энэ хүрээнд Тоёота компанийн үйлдвэрлэгчид Японы Шинэ Эрчим хүч, Аж үйлдвэрийн технологийн хөгжлийн байгууллага (NEDO) болон Sharp брэндтэй хамтран машины дээвэр, хамар, арын шилэн дээр нарны зайн хураагуур байршуулж өгөхөөр төлөвлөжээ. Ялангуяа маш том нарны зайн хураагуур бүхий дээвэр хийснээр 2019 оны Приус машинуудын дээврээс 4.5 дахин илүү хүчин чадалтай болох юм байна. Уг дээвэр нь зөвхөн машины зогсоол дээр цэнэглэгдээд зогсохгүй, хөдөлгөөний явцад ч цэнэг хураах боломжтой аж.

Хатуу төлөвт баттерей: Тоёота компанийн ажилчид шинэ загвартаа зориулан хатуу төлөвт баттерейг нилээд судалж байгаа бололтой. Учир нь энэ төрлийн батерейд уламжлалт батерей шиг аюултай, шатамхай шингэн агуулагддаггүй байна. Мөн уламжлалт батерейг бодвол илүү хурдан, үр дүнтэй цэнэглэгддэг давуу талтай аж.

Үнэ: Шинэ Тоёота Приус үнийн хувьд 25,000-29,000 долларын хооронд байна гэх урьдчилсан тооцоо гарчээ.

Нээлтийн хугацаа: Тоёота мотор компани ерөнхийдөө шинэ загваруудаа оны эхэнд танилцуулдаг. Тиймээс нарны зайн хураагуур бүхий шинэ загвараа 2022 оны нэгдүгээр сард гаргана гэж төлөвлөжээ.

Хэрэглэгчдийн хүлээлтээр бол шинэ Тоёота Приус нь үндсэндээ электрон мотороор ажиллах бөгөөд зөвхөн холын зайд газ ашиглах хайбрид системтэй байна гэж найдаж байгаа аж.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө