Ромын Папыг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзуулахгүй хэмээн мэдэгджээ

Ромын Папыг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзуулахгүй хэмээн мэдэгджээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Итали улсад айлчилж буй. Тэгвэл Ватиканы Засгийн газраас Ромын Пап ламыг түүнтэй уулзуулахгүй хэмээн мэдэгджээ.

Хятад дахь католик шашинтнуудын асуудлаар Ватикан болон АНУ хоёрын хооронд маргаан зөрчил үүсээд байгаа билээ. Үүний улмаас түүнийг Пап ламтай уулзуулахгүй байх шийдвэр гаргажээ. Нөгөө талаар АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор уг асуудлыг улстөржүүлэхийг хүсэхгүй байна хэмээн Ватиканы талаас мэдэгдсэн байна.

2018 онд Ромын Пап лам Хятад дахь католик сүм хийдүүдийн тэргүүнүүдийг томилох асуудлаар Бээжингийн эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн юм. Харин Трампын засаг захиргаа үүнийг нь шүүмжилж, шашин шүтэх эрх чөлөөг хааж боодог коммунист дэглэмтэй гэрээ байгуулсан хэмээн Пап ламыг буруутгасаар байгаа.

Өчигдөр/2020.10.01/ Ром хотод болсон арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ Помпео хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах үүднээс Хятадын засгийн газартай гэрээгээ сунгахгүй байхыг Ватиканд уриалсан байна. Харин Ватиканы эрх баригчид Помпеогийн мэдэгдэл нь ирэх сонгуулиар Америкийн католик шашинтнуудын саналыг авах гэсэн Дональд Трампын бодлого гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC