Ким Жон Ун охин дүүгээ засгийн эрхийн төлөөх өрсөлдөгч гэж үзэн, цаазалсан байж болзошгүй

Ким Жон Ун охин дүүгээ засгийн эрхийн төлөөх өрсөлдөгч гэж үзэн, цаазалсан байж болзошгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон учир битүүлэгээр “алга болоод” 2 сар болж байна. Тодруулбал, тэрээр долдугаар сарын 27-ноос хойш олны өмнө гараагүй бөгөөд Хойд Солонгосын хэвлэлээр түүний тухай ямар нэг мэдээ, зураг ч хэвлэгдэлгүй удаж байгаа аж. Уг явдлыг өрсөлдөгчөө шууд цаазалдаг гэдгээрээ алдартай түүний ах Ким Жон Унтай холбоотой байж болзошгүй хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиж байгаа юм. Тухайлбал, Их Британийн The Sun сонинд нийтэлснээр Ким Жон Унд дүүгээ засгийн эрхийн төлөөх өрсөлдөгч гэж үзэн, цаазалсан байж болох хэд хэдэн шалтгааныг дурьджээ.

-ХОЙД СОЛОНГОСЫН ХОЁРДАХЬ ЭРХ МЭДЭЛТЭН БОЛСОН ХҮН БҮР
АЛБАН ТУШААЛААСАА БУУДАГ-

Юун түрүүнд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ким Жон Ун учир битүүлгээр алга болсноор түүнийг үхсэн байж болзошгүй хэмээн цуурхал гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор тухайн үед маш олон хүн Ким Ёо Жонд Хойд Солонгосыг удирдах эрх мэдлийг гартаа авахыг зөвлөж байсан аж.

Түүгээр ч зогсохгүй Ким Жон Ун комад орсон, удахгүй эрх мэдэл дүүд нь шилжинэ хэмээн цуурч байжээ. Эдгээр цуурхалуудтай холбоотойгоор түүний 32 настай дүү Ким Ёо Жон олны анхаарлыг улам бүр татаж, БНАСАУ-ын хоёрдахь том эрх мэдэлтэн гэж үзэгдэх болжээ.

Чухам энэ үеэс Ким Жон Унд өөрийг нь анхаарлын төвөөс гаргаж, олны хараанд орсон дүү нь аюултай санагдаж эхэлсэн байж болох юм.

Тухайн үед Хойд Солонгосын мэргэжилтэн, Кореа их сургуулийн профессор Нам Сун Вук нэгэн ярилцлагадаа “Ким Ёо Жоны нэр хүнд ингэж өсч байгаа нь түүний хувьд уналт байж ч болзошгүй. Учир нь өмнө нь Хойд Солонгосын хоёрдахь эрх мэдэлтэн гэж нэрлэгдэж байсан хүн бүр албан тушаалаасаа буусан байдаг” хэмээн анхааруулж байжээ.

-КИМ ЖОН УН ӨМНӨ НЬ ЗАСГИЙН ЭРХ БУЛААЦАЛДСАН ГЭЖ
ХҮРГЭН АХЫГАА ЦААЗАЛЖ БАЙСАН-

Хоёрдугаарт, Ким Ёо Жон хамгийн сүүлд Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалд томилогдох үеэрээ олны өмнө гарчээ. Уг албан тушаалд томилогдсоноор Ким Ёо Жон жинхэнэ утгаараа улсынхаа хоёрдахь том тушаалтан болсон хэмээн шинжээчид үзсэн байдаг.

Ким Жон Ун өмнө нь аавыгаа нас барах үеэр дараагийн удирдагч хэмээн тодорхойлогдож байсан хүргэн ах Жан Сунг Таекийг засгийн эрх мэдлийг булаах гэсэн урвагч хэмээн цаазаар аваад зогсохгүй түүний гэр бүлийг ч устгасан байдаг.

Түүний энэхүү харгис үйлдлийг дэлхий нийтээрээ мэдэх тул улс төрийн хүрээн дэх нөлөө нь асар хурдтай өссөн охин дүү Ким Ёо Жоныг хүргэн ах шигээ цаазалсан байж магадгүй гэх сэжиг, таамаг дэлхийн хэвлэлүүдээр халуун сэдэв болоод байна.