Япон Улс олимпын наадмын эрхийг авахдаа АВИЛГА өгсөн байж болзошгүй гэв

Япон Улс олимпын наадмын эрхийг авахдаа АВИЛГА өгсөн байж болзошгүй гэв

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас “Токио-2020” олимпийн наадам хойшилж, ирэх 2021 оны долдугаар сарын 23-ны баасан гаригт эхлэх тов гарсан билээ.

Тэгвэл Япон улс олимпын наадам зохион байгуулах эрхийг авахдаа ОУОХ-ны гишүүдэд авлига өгч, саналыг нь худалдан авсан байж болзошгүй гэж үзэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд өнөөдөр бичиж эхэлжээ.

Тодруулбал, Япон улсыг 2020 оны олимпын наадмыг зохион байгуулах тендерт ялахад нь зөвлөж байсан зөвлөх компанийн зүгээс IOC буюу Олон улсын олимпийн хорооны гишүүн асан Ламин Диакийн хүүгийнх компанид нь тендерийн өмнө ба дараа нь нийтдээ 370 мянган ам.доллар шилжүүлсэн баримт өнгөрөгч Ням гаригт ил болжээ.

Ил болсон баримт бичгээс үзэхэд Япон улсын талаас ОУОХ-ны гишүүн асан Ламин Диакийн хүү Папа Массата Диактийн дансанд 2013 оны 11 болон наймдугаар саруудад Оросын банкаар дамжуулан нийтдээ 35 мянган ам.долларыг шилжүүлсэн бол түүний компанийн данс руу 2013 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд 217 мянган ам.долларыг шилжүүлсэн байна.

Дээрх ноцтой бичиг баримтуудыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум болон Buzzfeed News, Asahi Shimbun, Kyodo News, France Radio зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран АНУ-ын Сангийн яам болон Францын эрх баригчдаас олж илрүүлжээ.

-ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МӨНГӨ ГЭХ ТАЙЛБАРЫГ ХИЙСЭН НЬ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭЭГҮЙ БАЙНА-

Уг хэргийн талаар Папа Массата “Kyodo News” агентлагт тодруулга өгөхдөө “энэ мөнгө бол Хятад улсад байгуулсан ивээн тэтгэгчийн гэрээний мөнгө. Надад Токиогийн олимптой холбоотой хийсэн нэг ч зүйл байхгүй” хэмээжээ. Харин Японы олимпийн хорооны тэргүүн асан Цүнэказү Такэда “Надад одоогоор мэдэх зүйл алга. Black Tidings Co компани руу бид зөвлөх үйлчилгээнийхээ л төлбөрийг шилжүүлсэн. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” хэмээн тайлбар өгчээ.  

2019 оны зургадугаар сард Францын эрх баригчид Японы олимпийн хороо тэргүүн асан Такэдаг авлигын хэрэгтэй холбогдуулан албан ёсоор шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Такэда 2019 онд албан тушаалаа хүлээлгэн өгч байсан бол өнгөрсөн долоо хоногт Парис хотын шүүхээс Ламин Диакыг Оросын допингийн хэргийг нуун дарагдуулсан , хээл хахууль авсан зэрэг хэргүүдэд буруутган 500 мянган еврогоор торгож, хоёр жилийн ял оноожээ.

Дээрх хэргийг Франц улсын эрх баригчид авлигалын хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгаж байгаа аж. Япон улсын зүгээс зөвлөх үйлчилгээ авсан төлбөр болох 230 сая иенийг л шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү мөнгийг цааш нь хэрхэн зарцуулсан талаар одоог хүртэл нууц хэвээр байна. Токио хот 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Бразилын Рио-де-Жанейро хотод алдсан хэдий ч 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Туркийн Истанбул болон Испанийн Мадрид хотуудыг ялж, авсан билээ.