Лхагва гарагт Герман улсын засгийн газар Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг химийн бодисоор хордуулсныг тогтоосноо зарласан билээ. Зөвлөлтийн үед бүтээсэн “Новичок” хэмээх химийн зэвсгийг хордуулахад ашигласан гэх Германы армийн лабораторийн дүгнэлт гарсан байна.
Тэгвэл Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мищустинтэй Москва хотод уулзахдаа дээрх явдлыг зохиомол хуйвалдаан болохыг тагнуулын албаныхнаасаа мэдсэн тухайгаа хэлжээ. Түүний хэлснээр Беларусийн тагнуулчид Берлин-Варшавын хооронд болсон утасны яриаг замаас нь чагнаад канцлерь Ангела Меркель ийм зүйл зохиосныг мэдсэн гэнэ.
Тэрээр “Манай зэвсэгт хүчний цахим тагнуулын албаныхан утасны яриаг чагнасан. Бид олж авсан мэдээллээ Оросын тагнуулын албанд дамжуулах болно. Уг баримт Навальныйг хордуулаагүй, энэ нь зохиомол түүх болохыг баталж байна” гэж Лукашенко ярьсан байна.
Беларусийн ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москва хотод айлчилж ирээд байгаа юм. Хоёр ерөнхийлөгчийн уулзалт өнөөдөр болох төлөвтэй байна.
Эх сурвалж: TASS