НМХГ: Сургуулиудын 70 хувь нь халдваргүйтгэл хийсэн

НМХГ: Сургуулиудын 70 хувь нь халдваргүйтгэл хийсэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг, сургуулиудад хийсэн шалгалтын талаар мэдээлж байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд шалгалтад нийт 938 байгууллага хамрагдахаас 2020 оны наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 501 нь хамрагдаж 55.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шалгалтаар боловсрол, эрүүл ахуйн халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтаар нийт 717 зөрчил илрүүлж, газар дээр нь 120 зөрчлийг арилгуулсан байна. 

Сургалт, дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар, нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд, дотуур байранд сурагчдын нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондох зайг 1.5 м байхаар байрлуулсан байдал 300 буюу 60 хувьд нь хангалтгүй байна.

Бөөгнөрөл үүсгэхгүй, орох, гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийсэн байдал 250 буюу 50 хувьд нь хангалтгүй байна.

Санамж, зөвлөмжийг анги, танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар, биеийн тамирын заал, хоолны газар, дотуур байр, ариун цэврийн өрөөнд тус тус байрлуулсан байдал 125 буюу 25 хувьд нь хангалтгүй байна.

Багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гарган бүртгэсэн байдал 350 буюу 70 хувь нь гаргаагүй байна.