Өмнөд Солонгосын эмч нар гурван өдрийн ажил хаялт зарлалаа

Өмнөд Солонгосын эмч нар гурван өдрийн ажил хаялт зарлалаа

Коронавирусын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын эмч нар Засгийн газраас хэрэгжүүлж буй эмнэлгийн ажилчдын шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулахыг шаардаж өнөөдрөөс /2020.08.26/ эхлэн гурван өдрийн бүрэн хэмжээний ажил хаялт зарлажээ.

Уг ажил хаялтад хэдэн арван мянган эмч, эмнэлгийн ажилтан оролцож байгаа ба 130 мянга орчим гишүүнтэй Солонгосын Анагаах ухааны нийгэмлэг (KMA) энэхүү ажил хаялтыг зохион байгуулж байгаа юм байна.

Тус улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд анагаахын сургуулиудын элсэгчдийн тоог нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд энэ нь эмч нарын дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэхээс цаашгүй гэж эмч нар үзэж байгаа аж. Түүнчлэн уламжлалт анагаах ухааныг нийгмийн эрүүл мэндийн үндэсний системд оруулахаар төлөвлөснийг ч эмч нар эсэргүүцэж байгаа юм.

Үүнээс өмнө наймдугаар сарын 7-нд олон мянган дадлагажигч эмч нар нэг өдрийн ажил хаялт зарласан бол энэ удаа улс орон даяар эмч нар ажил хаяж байна. 

Эх сурвалж: Korea times