ВИДЕО: Бүрэн зэвсэглэсэн Лукашенко нисдэг тэргээр ирж, иргэдийн шүүмжлэлд өртжээ

ВИДЕО: Бүрэн зэвсэглэсэн Лукашенко нисдэг тэргээр ирж, иргэдийн шүүмжлэлд өртжээ

Дайчилгааны тухай хуулийн дагуу Орхон аймагт команд штабын хээрийн сургууль энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан. Харин энэ үеэр Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх хөлдөө “гар буу” зүүж улаан хивсэн дээгүүр алхсан нь олны шүүмжлэлд ихээхэн өртөж, олны шүүмж одоо ч зогсохгүй байгаа юм.

Харин дэлхий нийтэд “их дарангуйлагч” хэмээн нэрлэгдээд буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ням гаригт мөн бүрэн зэвсэглэж, нисдэг тэргээр ордондоо ирж буй бичлэг дэлхий нийтийг бухимдуулаад байна. Тодруулбал, өнгөрөгч Ням гарагт Беларусийн иргэд тус улсын ерөнхийлөгч болсон Лукашенког огцрохыг шаардан нийслэл Минск хот дахь ордных нь гадаа жагсжээ. Удалгүй тусгай хүчний цэргүүд жагсагчдыг тараасан байна. Энэ үеэр Лукашенко ордондоо нисдэг тэргээр ирж буйг харуулсан видео дүрсийг Беларусийн ерөнхийлөгчийн албан ёсны сувгууд цацаж эхэлсэн байна.

Тэрээр сумнаас хамгаалах хантааз өмсөн, гартаа АК-47 буу барьсан нь дарангуйлагчийн дүр төрхийг улам тодотгожээ. Түүнтэй хамт 15 настай хүү Николай нь явсан байна. Николай мөн байлдааны хувцас, хэрэглэл өмсөж, өвч зэвсэглэсэн байв.

Жагсаалын үеэр Минскийн тэнгэрт нисдэг тэрэг эргэлдэж байсныг хэвлэлүүд Лукашенког зугтаж байж магадгүй хэмээн мэдээлсэн юм. Харин дээрх видео бичлэгээс харвал тэр эсрэгээрээ ордондоо буцаж ирсэн байна. Тус улсад саяхан болсон /2020.08.09/ сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Беларусьт хоёр долоо хоног үргэлжилж буй. Энэ сонгуульд Лукашенко 80 хувийн саналаар ялж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч иргэд сонгуулийг эрх баригчид луйвардсан гэж үзэж байгаа юм. Мөн тус сонгуулийг АНУ, Европын Холбоо хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, тэмцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: Russia Today