А.Навальныйн шинжилгээнээс “хуванцраас ялгардаг хоргүй бодис илэрсэн” хэмээн мэдэгдлээ

А.Навальныйн шинжилгээнээс “хуванцраас ялгардаг хоргүй бодис илэрсэн” хэмээн мэдэгдлээ

Өнгөрсөн Пүрэв гаригт Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм. Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай ууснаас өөр зүйл хэрэглээгүй гэнэ. Иймээс цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж дэлхий нийтээрээ сэжиглэж эхлээд байна.

-ГЕРМАН УЛС А.НАВАЛЬНЫЙГ “ХҮНДЭТ ЗОЧИН” ХЭМЭЭХ СТАТУСТАЙГААР ХҮЛЭЭН АВЧ, ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Харин өнгөрсөн Бямба гаригт А.Навальный Берлиний "Charite" эмнэлэгт эмчлүүлэхээр ниссэн бөгөөд  Герман улс "канцлерийн зочин" хэмээх статустайгаар албан ёсоор авчирж, нислэгийн зардлыг Энхтайвны төлөө хүний эрхийн сан бүрэн хариуцжээ.  Германы Сайд нарын танхим Навальныйг бүрэн эдгэрнэ гэж найдаж байгаа ба Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер "Навальныйгийн эрүүл мэнд огцом муудсан шалтгааныг заавал тодруулахаа мэдэгдсэн байна.

Одоо цагдаагийн гурван фургон Чарайт эмнэлгийн гадаа хамгаалалын үүрэг гүйцэтгэж, хориод сэтгүүлч үүдэнд нь сахисан хэвээр байна.

Навальный хэвлэлийн төлөөлөгч Ярмыш твиттер хуудсандаа "Алексей Берлин рүү нисэж чадлаа. Дэмжлэг үзүүлсэн хүмүүст маш их баярлалаа. Алексейн амь нас, эрүүл мэндийн төлөөх тэмцэл дөнгөж эхэлж байна. Олон зүйлийг даван туулах шаардлагатай байна. Гэхдээ эхний алхамыг хийлээ. Түүний эхнэр Юлия хамт байгаа” хэмээн бичжээ.

-ТҮҮНИЙ ХЭВТЭЖ БУЙ ЭМНЭЛГИЙН ГАДАА ГУРВАН МАШИН ЦАГДАА, ХОРИОД СЭТГҮҮЛЧ САХИСААР БАЙГАА АЖЭЭ-

Навальный эмчлүүлж байгаа Сибирийн эмнэлэг баасан гаригт Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан гэсэн нэхэмжлэлийг няцаасан боловч түүний эхнэр нь тэнд байсан эмч нарт итгэж болохгүй гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, баасан гарагт их эмчийн орлогч Калиниченко хэвлэлийн бага хурлын үеэр “Навальныйгийн цус, шээснээс хор илрээгүй. Өвчтөн хордлого авсан гэдэгт бид итгэхгүй байна. Магадгүй хүн бүхэн түүнийг хордуулсан гэж бодож байгаа байх. Гэхдээ өвчтөн хордсон гэдэгт бид итгэхгүй байна" гэж мэдэгджээ. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас “Навальныйгийн шинжилгээний дээжинд илэрсэн "үйлдвэрлэлийн химийн бодис" нь ихэвчлэн хуванцар бүтээгдэхүүнээс илэрдэг хоргүй бодис юм” гэж тайлбарлажээ. Харин Навальныйгийн баг болон Омск хотын тээврийн цагдаа нар түүний амь нас, эргэн тойрон дахь хүмүүсийн амьдралд аюул учруулж буй "үхлийн аюултай бодис" илрүүлсэн гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь ОХУ түүнийг шилжүүлэх боломжийг олгохгүй байгаагийн томоохон шалтгаан гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: TASS