Т.Аюурсайхан: Хурлын үйл ажиллагаанд саад учруулсан тул Б.Пүрэвдорж гишүүнд арга хэмжээ авсан

Т.Аюурсайхан: Хурлын үйл ажиллагаанд саад учруулсан тул Б.Пүрэвдорж гишүүнд арга хэмжээ авсан

Өнгөрсөн мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН төсвийн мөнгийг сонгуульд ашиглаж ялалт  байгуулсан” хэмээн шүүмжилсэн. Түүний энэхүү шүүмжлэл өндрөө авч, эцэст нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Б.Пүрэвдоржийн  чуулганы хуралдаанд суух эрхийг долоо хоногоор хассан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбар өглөө.

Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн микрофон булаацалдаж, хурлын үйл ажиллагаанд саад учруулсан гэдгийг гишүүд бүгд харсан. Тэрбээр УИХ-ын гишүүний онцгой эрхэд халдсан.

Надад олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуралдаан даргалагч гишүүний хувьд хурлын үйл ажиллагаанд саад учруулсан гишүүнд арга хэмжээ авсан нь энэ. Гишүүд та бидний хэлэлцэж баталсан Дэгийн тухай хуульд гишүүд УИХ-ын чуулганы дэг журмыг дагаж мөрдөх ёстой гэж заасан. Би хэн нэгнийг шийтгэж эрхээ эдэлж байгаа биш харин Дэгийн тухай хуулийг хэрэгжүүлсэн" гэлээ.