Шинэхэн гишүүд минь үүрэгт ажлаа ухамсарлаж, “даргын” дүрд тоглохоо хэзээ болих вэ

Шинэхэн гишүүд минь үүрэгт ажлаа ухамсарлаж, “даргын” дүрд тоглохоо хэзээ болих вэ

“Бүх юм байх ёстой байрандаа байх нь шударга ёс” хэмээн суут сэтгэгч Аристотель хэлсэн байдаг. Байх ёстой байрандаа байж гэмээн “жам ёсны хууль” хэрэгжиж, нийгэм хөгждөг. Өөрөөр хэлбэл, дарга нь даргынхаа ажлыг, дуучин нь дуучныхаа ажлыг, сэтгүүлчид нь сэтгүүлчийнхээ ажлыг, УИХ-ын гишүүд нь гишүүнийхээ ажлыг хийж, байх ёстой байрандаа үүргээ биелүүлж гэмээн улс орон урагшилна.

Чухамдаа УИХ-ын гишүүний эрхэм үүрэг бол хууль санаачлах, бодлого боловсруулах... Гэтэл сүүлийн үед манай улс төрийн шинэхэн гишүүд үүргээ умартсан уу,  ард түмэнд “мундаг” болж харагдах гэсэн үү үүрэгт ажлаа орхиж, өөрт хамааралгүй ажлуудад хошуу дүрэх боллоо.

Жишээ дурдвал, 2020 оны сонгуульд Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудаснаа “Завхан аймагт шаардлага хангахгүй, удааширч хугацаа алдаж байгаа хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаа” хэмээн жиргэжээ. УИХ-ын гишүүн Засаг даргад үүрэг өгч ажиллах эрх мэдэлтэй хүн биш гэдгийг эрхэм гишүүн маань мэдээгүй яваа бололтой. Үүнээс гадна түүний өмссөн цэрэг хувцсыг олон хүн шүүмжлэв.

Ер нь сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нэр бүхий улс төрчид цэрэг хувцас өмсөн энд, тэндхийн бүтээн байгуулалттай танилцаж, үүрэг даалгавар өгдөг “мода” дэлгэрсээд байгаа.

Модыг үргэлжлүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар харъяа агентлаг, газруудаараа очиж салбарын асуудалтай танилцахдаа цэрэг хувцас өмсөх болсон. Үүнийг харсан олон нийт цэрэгжсэн, поп улс төрчдийн буруутай бодлогын уршгаар эдийн засгийн дампууралд хүрсэн Венесуэл зэрэг улс орнуудын түүхийг дурдаж, цэрэг хувцас өмсөн, цэрэг ёсолгоо хийж, бүхнийг командлах сонирхолтой улс төрчид улс орноо ангал руу түлхдэг хэмээн шүүмжилж байна.

Шинэхэн гишүүдийн “мунгинал” үүгээр зогссонгүй. Үүрэг өгч, цэрэг хувцсаар гангардаг “мода” , газар дээр нь очиж ажиллаа гэх “мода”-аар солигдов.  Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн МҮИС, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газар руу зөвшөөрөлгүй халдсан гэх сургаар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж буй зураг хэвлэлүүдээр гарч эхэлсэн. “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн газрын “дайн”-д мордов” гэсэн нэртэй мэдээ ч гарч түүнийг баатар мэтээр өргөмжиллөө. Газар дээр нь очиж ажилладаг “мода”-г үргэлжлүүлсэн гишүүн бол УИХ-ын гишүүн Ц.Туваан. Тэрээр өчигдөр Сөгнөгөрийн амнаас нойтон мод бэлтгэж буй иргэд дээр очин, шаардлага тавьж харагдав.

 УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл, хууль санаачилж бодлого боловсруулагчид болохоос даргын дүрд тоглон, мундаг харагдахын тулд асуудалд сэтгэл хөдлөлөөр хандан, газар дээр нь очиж "загинадаг" хүн биш гэдгийг эрхэм гишүүд минь ойлгож, үүрэгт ажлаа хийнэ үү.