УИХ-ын гишүүн нь үүрэг өгдөг албан тушаал биш шүү! Б.Баярсайхан гишүүнээ

УИХ-ын гишүүн нь үүрэг өгдөг албан тушаал биш шүү! Б.Баярсайхан гишүүнээ

Жүжигчин Б.Амараагийн эгч гэдэг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрог болох Завхан аймагт ажиллажээ. Энэ үеэр цэргийн хувцас өмсөн нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч эгээтэй л Ерөнхий сайд шиг аашилж, аягласан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нэр бүхий улс төрчид цэрэг хувцас өмсөн энд, тэндхийн бүтээн байгуулалттай танилцаж, үүрэг даалгавар өгдөг “мода” дэлгэрсэн.

Үүнийг харсан олон нийт цэрэгжсэн, поп улс төрчдийн буруутай бодлогын уршгаар эдийн засгийн дампууралд хүрсэн Венесуэл зэрэг улс орнуудын түүхийг дурдаж, цэрэг хувцас өмсөн, цэрэг ёсолгоо хийж, бүхнийг командлах сонирхолтой улс төрчид улс орноо ангал руу түлхдэг хэмээн шүүмжилсээр ирсэн.

Энэ мэт хэдийнээ олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан энэ “модаг” дагаж, шүүмжлэлт сэдвийг сануулсанаараа Б.Баярсайхан гишүүн энэ өдрүүдэд олны шүүмжлэлд хатуухан өртөөд авав. 

Хувцаснаас гадна бас нэг шүүмжлэл дагуулсан зүйл бол Б.Баярсайханы ажиллаж буй арга барил. УИХ-ын гишүүн нь аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудад үүрэг өгдөг албан тушаалтан биш. Энэ үүргийг өөр статустай байгууллага хэрэгжүүлэх ёстой. 

Тодруулбал, тэрбээр Завханд ажиллах хугацаандаа Улиастай суманд гудамж төслийн хүрээнд “Төгс зам” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Явуугийн гудамжийн 6,7 км замын ажлын үйл явцтай танилцаж, хучилтын ажлыг энэ сарын 20-ны өдөр гэхэд дуусгах үүрэг даалгаврыг өгсөн гэдгээ өөрөө цахим хуудаснаа бичжээ. Мөн шаардлага хангахгүй, удааширч хугацаа алдаж байгаа, хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг Завхан аймгийн Засаг даргад өгсөн байна.

Гэтэл  УИХ-ын гишүүн нь аймгийн Засаг дарга болон хувийн хэвшилд үүрэг даалгавар өгдөг албан тушаалтан биш юм. Ингэхдээ командлах, шууд үүрэгдэх нь бүр ч ёс зүйгүй. 

Тэгэхээр манай зарим дарга нар үүрэгддэг, тушаадаг, загнадаг, хэнээрхдэг арга барилаасаа салахгүй бол ардчилсан нийгэмд зохицохгүй үйлдэл тань эргээд асуудал үүсгэж байна шүү гэдгийг сануулъя.