Энэ сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах уу

Энэ сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах уу

Жилийн бүрийн улсын төсвийг өмнө жилийн арван нэгдүгээр сард баталдаг. Харин коронавирус цар тахлаас үүдэн төсвийн орлого тасалдах, төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан талаар албаны эх сурвалжууд мэдэгдэж буй.

Иймд төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлаж батална. Тэгвэл энэ сарын 29 ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, саяхан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан. Үүний 50 орчим хувь нь экспортын бууралттай холбоотой байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эхний хагас жилийн байдлаар 18 сая тонн орчим нүүрс экспортоор гарчихдаг байсан бол энэ жил 8.7 сая тонн нүүрс гаргасан. Энэ бол цэвэр тээвэрлэлтээс улбаатай. Хил дээр үйлчилж байгаа хорио цээрийн горимтой холбоотой бууралт байгаа юм. Эндээс нийтдээ 332 тэрбум төгрөгийн орлого буурчихсан байж байгаа.

Түүнчлэн зэсийн үнэ экспортын бууралтад нөлөөлж байна. 6000 гаруйтай яваад байдаг байсан зэс 5000 руу унаад ирчихсэн. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнийн бууралт 137 тэрбум төгрөгийн тасалдал гарчихаад байгаа юм. Мөн газрын тосны экспорт буусан. Дэлхий даяараа нефтийн үнэ буусан. Үүнтэй холбоотойгоор 73 тэрбум төгрөгийн бууралт байгаа. Яг өнөөдөр экспортын орлогын уналт, бууралт нь импортынхоо бууралтаас илүү өндөр байгаа учраас ханшин дээр тодорхой хэмжээний дарамт ирж байгаа. Ханшны хөдөлгөөн 3-5 хувь дотор хөдлөөд явж байгаа. “Ковид-19”-тэй холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Хүн амын орлогын албан татварыг тэглэсэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэсэн зэргийн үр нөлөө байгаа. Үндсэндээ экспорттой холбоотой орлогын бууралт ажиглагдаж байна” гэж мэдэгдсэн билээ.